Монгол-Франц: Түүхэн харилцааг бататгах төрийн айлчлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-10-13 09:21:49

УЛААНБААТАР, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европ дахь манай улсын ойрын чухал түнш, гуравдагч хөршүүдийн нэг болох найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Франц улсад айлчилж байна.


Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Франц Улсад анх удаа хийж буй төрийн айлчлал гэдгээрээ онцлог.  Өмнө нь 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат,  2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Франц улсад албан ёсны айлчлал хийж байжээ.


Энэ удаагийн төрийн айлчлалын зорилго бол хоёр улсын Онцгой эрхт түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулах явдал юм.


Франц улсын Ерөнхийлөгч Э.Макрон энэ оны 5 дугаар сард манай улсад айлчлах үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 10 дугаар сард улс орондоо айлчлахыг урьсан билээ.


Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 58 жилийн хугацаанд Францын талаас төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаагүйгээс гадна ер нь сүүлийн жилүүдэд хоёр талын хооронд өндөр дээд хэмжээний айлчлалууд болоогүй учраас 2023 онд ганцхан жилийн дотор Монголын ба Францын төрийн тэргүүн нар харилцан айлчилсан нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал мөн.


Эртний харилцаа 

Монгол, Францын харилцааны эхлэл тэртээ 800 гаруй жилийн өмнө тавигдсан түүхтэй. 1252 онд Францын Людвиг IX хааны зарлигаар Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо Францын хааны элч Уильям дэ Рубрук анх хүрэлцэн ирж байсан бол 1254 онд Францын архитекторч Вильгельм Бушьегийн удирдлага дор Хархорум дахь алдарт Мөнгөн модыг урлан бүтээжээ.


У. Рубрук монголчуудын аж амьдралын тухай сонирхолтой тэмдэглэл хөтөлж байсан нь хожим  “Монголын Эзэнт гүрнээр зорчсон нь” гэдэг нэртэй ном болон хэвлэгдэн гарчээ.1289 ба 1305 онуудад Ил хаант улсын Аргун хаан, Өлзийт хаан нар Францын хаан гоо Филипптэй харилцаа тогтоож, захидал бичиг солилцож байв.



Дунд үеийн түүхээс

Үүнээс хойш 600 орчим жилийн дараа буюу 1844-1846 онд Өвөр Монголын нутгаар аялсан Францын Хюк, Хабет гэдэг хоёр христос гэлэн “Татарын тухай дурсамж” хэмээх ном бичиж үлдээсэн нь өдгөө угсаатны зүйн онц сонирхолтой бүтээл болжээ. Мөн 1909 онд Буян де ла Кост гэдэг франц хүний ахалсан экспедиц зургаан сарын турш Монгол нутгаар аялжээ. Энэ тухай өгүүлэх “Эртний түрэг, монголчуудын ариун нутагт” хэмээх угсаатны зүйн судалгааны арвин их баримтууд бүхий аян замын тэмдэглэл хадгалагдан үлджээ.


Францын нэрт монголч эрдэмтэн Поль Пеллио Монголын түүхийн талаар олон бүтээл туурвиж, «Монголын нууц товчоо»-г латинаар галиглаж, эхний зургаан бүлгийг францаар орчуулсан байна. Төв Азид томоохон судалгааны экспедиц зохион байгуулж, монгол хэл шинжлэлийн салбарт дорвитой бүтээл туурвисан энэ эрдэмтнийг 1925 онд Судар бичгийн хүрээлэнгийн гадаад гишүүнээр сонгож байжээ. 


XX зууны эхээр Андре Ситроен гэдэг франц хүний Өвөр Монголд зохион байгуулсан экспедиц угсаатны судлал, урлаг, байгалийн холбогдолтой үлэмж их цуглуулга бүрдүүлж, 5 мянган гэрэл зураг, 50 мянган метр кино зураг авчээ. Энэ аяллын талаар Жорж  Леревт гэдэг хүн 1933 онд “Шар аялал” гэдэг ном гаргаж байв.


Нэн шинэ түүхийн үед буюу 1946-1961 онд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийг Франц улс анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд 1946 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд сууж байсан Францын Байнгын төлөөлөгч А.Пароди хэлэхдээ “Монгол шиг эртний аугаа түүхтэй, эртний төрт улс НҮБ-д заавал байх ёстой” гээд манай улсыг дэмжсэн санал өгч байжээ.


Улмаар 1965 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хоёр тал дипломат харилцаа тогтоосноор орчин үеийн албан ёсны харилцааны түүхийн эхлэл тавигдлаа. Барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи, Франц хоёр манай улсыг НҮБ-д элсүүлэхийг тууштай дэмжиж, тус байгууллагад элссэний дараа хамгийн түрүүнд элчин сайдын яамдаа Улаанбаатарт нээж байв.


Үүнээс хойших 25 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд социалист, капиталист гэсэн хоёр лагерьт хуваагдаж, “Хүйтэн дайн” ид хүчээ авч байсан нь хоёр орны харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь тодорхой. Ийм түүхэн нөхцөл байдлаас шалтгаалан 1965-1990 оны хооронд талуудын харилцаа идэвхтэй бус байлаа.


Манай улс 1990 онд нийгмийн ардчилсан тогтолцоо,  зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн тэр цагаас хойш Франц улс биднийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг гэдгээрээ монголчууд ба францчууд нийтлэг үнэт зүйлстэй.


1996 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын Францад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаас хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсролын салбарт амжилттай хөгжсөөр ирлээ. Тухайлбал, Европын орнуудаас хамгийн түрүүнд буюу 2005 онд Францын хэл соёлын төв Улаанбаатар хотноо байгуулагдсан, Францад 10 мянга гаруй монгол иргэд сурч, ажиллаж байгаа бол цар тахлаас өмнө жилд 10 мянга гаруй франц жуулчид манай улсад ирж байсан гэх мэт тоо баримтууд бий. 1926-1930 онд манай сурагч оюутнууд Франц улсын Мишле лицей, Сорбоны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцаж, Өрнө дахины соёлтой танилцаж  байсан бол өдгөө хоёр орны Засгийн газруудын хамтарсан тэтгэлгээр жил бүр 10 оюутан Францын их дээд сургуулиудад суралцаж байна.


Мөн шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа өргөжиж буйн жишээг дурдвал, хоёр орны археологичид өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын түүхийн бүх үеийг хамарсан өргөн хэмжээний хайгуул малтлагын хамтарсан судалгааг 17 дурсгалт газарт хийжээ. 


Түүнээс гадна, Баруун Европын орнуудаас Франц улсад монгол судлал илүү хөгжсөнийг дурдах нь зүйтэй. Францын монголч эрдэмтдээс хамгийн алдартай нь Рэнэ Грүссэ, Пол Пэллио нар бөгөөд Грүссэгийн “Талын эзэнт гүрэн” бүтээл нь Чингис хааны үеийн ба Юань гүрний дараах Халх-Ойрдын харилцааны талаарх шилдэг бүтээл мөн. 


Өнөө цагийн эрдэмтдээс, монгол судлал, нүүдэлчдийн хэл соёлыг дэлхий нийтэд түгээн таниулахад өөрийн нэгэн насны амьдралыг зориулж яваа хэл судлаач, түүхч Жак Легран, монгол-франц хэлний толь бичгийг шинээр эмхэтгэн гаргахад Францын талаас оролцож буй угсаатны зүйч хатагтай Роберт Амаёон, монгол соёл, зан заншлыг дэлхий нийтэд таниулахад хүчин зүтгэж буй Изабелл Бианки нарыг монголчууд андахгүй.


Эдийн засгийн харилцаа эрчимжих хандлага


Хоёр улс газар зүйн хувьд бие биеэсээ хэт алслагдсан /автозамаар 9 мянга гаруй км/, Монгол Улс далайд гарцгүй зэрэг объектив хүчин зүйлсийн нөлөөгөөр худалдаа-эдийн засгийн харилцаа харьцангуй сул, хүсэн хүлээсэн түвшинд хүрээгүй байгаа нь бодит үнэн. Гэхдээ  сүүлийн жилүүдэд энэ харилцаанд тодорхой ахиц дэвшил гарч, хоёр орны худалдааны эргэлт 2002 оноос хойш тасралтгүй өссөөр 2022 онд 157 сая долларт хүрчээ. Худалдаа-эдийн засгийн харилцааг хөхиүлэн дэмжих зорилгоор 2009 онд Франц-Монголын бизнесийн зөвлөл байгуулагдаж, үйл ажиллагаа, цар хүрээ нь тэлсээр 2013 оноос хойш Франц-Монголын Худалдаа-аж үйлдвэрийн танхимын статустайгаар ажиллаж байна. 


Европын Холбооны зүгээс ардчилал, сайн засаглалыг амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын экспортыг дэмжих хөтөлбөрийг 2005 оноос хэрэгжүүлж, уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс тус холбооны гишүүн 28 орны нэг болох Франц улсад бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр экспортолж байна.


Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд Франц улсаас үзүүлж ирсэн зээл тусламжийг он цагийн дарааллаар жагсаан дурдвал:

-1992-2000 онд 3 удаа нийт 50 сая франкийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж, 130 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн;

-2002-2004 онд 9320 тонн буудайн хүнсний тусламж үзүүлсэн ба түүнийг борлуулсны орлого болох 1.4 тэрбум төгрөгийг “Францын хүнсний тусламжийн сан”-д төвлөрүүлж, буцалтгүй тусламж, бичил зээл хэлбэрээр хөдөө аж ахуйн төслүүдэд олгож байлаа;

-2013-2018 онуудад ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийг бэхжүүлэх төсөлд 5.05 сая еврогийн хөнгөлөлттэй зээл;

-2015-2018 онд Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийг өргөтгөх төсөлд 9.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл; 

-2020-2023 онд Онцгой байдлын албанд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөлд 43,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл;

-2020-2022 онд Онцгой байдлын албанд тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөлд 14,9 сая еврогийн хөнгөлөлттэй зээл;

-2020-2023 онд Улаанбаатарт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөлд  60,7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгосон байна. 


Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бизнесийн түвшинд хүрч идэвхжин, ялангуяа мах, сүүний чиглэлийн эрчимжсэн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах,чиглэлээр хамтын ажиллагаа эрчимжиж байна. Үүний тод илрэл бол хоёр улсын ХАА-н сайд нар сүүлийн хагас жил гаруйн хугацаанд харилцан айлчилсан явдал юм.  


2019 оны байдлаар, Европын орнуудын дотроос Монголд хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Франц улс дөрөвдүгээрт бичигдэж байсан бол сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт эрс нэмэгдлээ.

 


Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд нүүрстөрөгчийг маш багаар ялгаруулдаг цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй. Түүний гол түүхий эд нь уран бөгөөд уг ашигт малтмалыг олборлохоор хоёр тал 20 гаруй жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Тодруулбал, 1997 онд Францын “Орано Майнинг” компанийн салбар болох “Кожеговь” ХХК-ийн геологичид Дорноговь аймгийн нутагт Дулаан уул, Зөөвч-Овоо гэсэн ураны хоёр ордыг нээсэн бөгөөд сүүлийн 20 жилд дэлхий даяар нээн илрүүлсэн 10 том ордын нэг болох Зөөвч-Овоод газрын дор уусган баяжуулах аргаар уран олборлох “Бадрах Энержи” компани 2016 онд байгуулагдав.


Хэдийгээр компани ба иргэдийн хооронд үл ойлголцол үүсч байсан боловч өдгөө бэрхшээлийг нэгэнт даван туулж чадсанаар ураны уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, энэ онд ТЭЗҮ-ийн нэмэлт тодотголыг хийж, улмаар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах төлөвтэй байна. Өнгөрсөн хавар Францын Ерөнхийлөгч манай улсад айлчлах үеэр уг гэрээний ерөнхий зарчмыг тохиролцсон тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар ба "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний Протоколд гарын үсэг зурлаа.  


Түүнээс гадна, Монгол орон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй учраас Францын компаниуд уг салбарт хөрөнгө оруулахыг сонирхож байна.


Ийнхүү Европын Холбооны хоёр гол хөдөлгүүр хүчний нэг болох 68 сая хүн амтай Франц улс Европ тив дэх бидний ойрын чухал түнш болжээ. Монгол, Францын харилцаа Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд нэгэн жарны турш амжилттай хөгжиж ирсэн бол өдгөө харилцааны түвшнийг ахиулж,  Иж бүрэн түншлэлд хүргэхийг талууд зорьж байна. 

Холбоотой мэдээ