ГОВЬ-АЛТАЙ: Цагаан идээ үнэтэй, борлуулалт муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-28 12:37:31

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт энэ жил цагаан идээ хомс, үнэтэй, борлуулалт муу байна.


Тухайлбал “Шинэ-Алтай” захын  цагаан идээний тасагт чихэртэй ааруул 1 кг нь 28000-35000, чихэргүй ааруул 20000-40000, ээзгий 20000, тавгийн ааруул хэмжээнээсээ хамаараад 180-350 мянга, цагаан тос 1 кг нь 28000, өрөм 10000-28000, шар тос 30000, аарц үхрийнх 8000, ямааных 15000, ингэнийх 20000, сарлагийн сүү 6000 төгрөгийн үнэтэй байна.


Өнгөрсөн жил тус худалдааны төвд сүү нэг литр нь 4500-5500, аарц 5500-7000, ааруул чихэргүй нь 18000-25000, чихэртэй 22000-30000, цагаан тос нэг килограмм нь 25000, шар тос нэг килограмм нь 28000 төгрөгийн үнэтэй байсан бол ийнхүү энэ жил бүтээгдэхүүн тус бүр нэг килограмм нь 2000-5000 төгрөгөөр нэмэгджээ. 


"Өнгөрсөн өвөл, хавартаа зутруу байсан болохоор малчид төл төдийлөн сайн аваагүйн улмаас энэ зун сааль хийж чадаагүй. Мөн бензин түлшний үнэ нэмэгдсэн. Энэ мэт шалтгаанаас хамаарч хангайн аймгийн цагаан идээ нийлүүлэгчид нааш цааш явах нь багасч цагаан идээгээ нийлүүлэх нь багассан. Үүнтэй холбоотойгоор цагаан идээ ховор, үнэтэй байна" хэмээн цагаан идээний худалдаа эрхлэгч Д.Мэргэнчимэг хэллээ. Тэрбээр цааш нь ярихдаа: "Иргэдийн эрэлт их байгаа ч худалдан авах чадварыг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад маш их буурсан. Ихэвчлэн аав, ээждээ өгнө гэж хүмүүс ааруул цагаан идээ авч байна, тэтгэвэр тэтгэмж, халамж буухаар авна гэсэн хүмүүс байна" гэдгийг онцлон хэлж байлаа.

Холбоотой мэдээ