ГОВЬ-АЛТАЙ: Өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг зүрх судасны тогтолцооны эмгэг тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-12-04 11:36:17

Есөнбулаг 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг зүрх судасны тогтолцооны, хорт хавдрын, осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, амьсгалын тогтолцооны эмгэгийн шалтгаант нас баралт тэргүүлж байна.


Говь-Алтай аймгийн хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг сүүлийн таван жилээр авч үзэхэд 2018 онд бөөрний сувганцрын завсрын эдийн үрэвсэл тэргүүлж байсан бол 2019 оноос даралт ихсэх өвчин тэргүүлж, бөөрний сувганцрын завсрын эдийн үрэвсэл, зүрхний ишеми буюу цус хомсдох өвчлөл удаалж байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа. 


Тодруулбал, зүрх судасны шалтгаант нас баралт 2018 онд 10.000 хүн амд 23,7 байсан бол 2022 онд 19,47 буюу 3,63-аар буурсан хэдий ч улсын дунджаас 1,98-аар их, хорт хавдрын шалгаант нас баралт 2016 онд 10.000 хүн амд 16,25 байсан бол 2022 онд 14,88 буюу 2,07-оор буурсан боловч улсын дунджаас 1,39-өөр их хэвээр байна.


Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 222 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35-аар цөөрсөн байна. Тэдгээрийн 63.5 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас баралтын 72 буюу 32.4 хувийг хорт хавдрын, 32 буюу 14.4 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 


2023 оны эхний арван сарын хугацаанд тус аймгийн хэмжээнд халдварт өвчний 409 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 6136 тохиолдол буюу 10000 хүн амд 1048.2-аар буурчээ. Энэ нь ковид-19 халдвар буурсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 114 буюу 27.9 хувийг коронавирусний халдвар эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2023 оны эхний арван сарын байдлаар 16 төрлийн 409 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10.000 хүн амд 69.9 байна.


Халдварт өвчний нас баралтын 2 тохиолдол бүртгэгдсэн ба тарваган тахлын болон галзуу өвчний шалтгаантай хэмээн ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.


Холбоотой мэдээ