АРХАНГАЙ: Багийн Засаг дарга нарыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-30 11:06:38

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-нд гарсан Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 303 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг энэ сарын 29, 30-ны өдөр зохион байгуулж байна.


Архангай аймаг 101 багтай. Сургалтад 93 багийн Засаг дарга оролцож, асуудал тодорхойлох, эрэмбэлэх, засаглал, иргэдийн оролцоо, багийн түвшинд үзүүлэх үйлчилгээ, Засаг даргын чиг үүрэг, хамтран ажиллах, арга, ур чадвар, захиргааны шийдвэр, хууль, тогтоомжийн хэрэглээ, манлайллын түүх бүтээх, сайн туршлага гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ нэмлээ. 

 

Баг, хорооны Засаг даргад хамаарах 34 хуульд тухайлан заасан 106 бүрэн эрх байдгаас зөвхөн багийн Засаг даргад хамаарах 93 бүрэн эрх байдаг байна. Эдгээрийн заримыг нь багийн Засаг дарга өдөр тутамдаа хэрэгжүүлдэг бол цөөн тооны бүрэн эрхийг огт хэрэгжүүлдэгггүй бүрэн эрхээ дуусгадаг аж. Тухайлбал, Дайчилгааны тухай хуульд орсон 4 бүрэн эрхийг огт хэрэгжүүлдэггүй байна. Энэ нь дайн гарсан тохиолдолд хэрэгжүүлэх бүрэн эрх байдаг байна.

 

Энэ мэтчилэн багийн Засаг даргад хамаарах 93 бүрэн эрхийн иргэдийн оролцоог хангах, ИНХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, арга хэмжээ авах, зохион байгуулах, тодорхойлолт, эрхийн бичиг, зөвшөрөөл олгох, бүртгэл тооллого хийх, дээд байгууллагад тавьж, шийдвэрлүүлэх, төлөөлөн хэрэгжүүлэх, хяналт тавих зэргээр 12 бүлэгт хуваан багаар ажиллуулж, багийн Засаг нарыг оролцоотой, идэвхжүүлсэн арга барилаар сургалтыг явуулж байгаагаараа онцлогтой.

  

Монгол Улсын Засгийн газраас Удирдлагын академитай хамтран зохион байгуулж буй уг сургалтыг ирэх 3 дугаар сарыг дуустал явуулах ба улсын хэмжээнд нийт 1646 баг, 204 хорооны Засаг даргыг хамруулах ажээ. 

Холбоотой мэдээ