Хувь хүний хандлага, сэтгэхүй нийгэмд гүнзгий нөлөөлдгийг судлаачид тодотгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-30 17:37:46

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийгэмд гүн гүнзгий, суурь шинжтэй чанарын өөрчлөлт үгүйлэгдэж байна. Нийгмийн тогтолцоог өөрчлөх нь хувь хүний хандлага, сэтгэхүйгээс хамаарна. Учир нь бидний үг, үйлдэл бүр бусдад ухамсарласан, ухамсарлаагүйгээр ямар ч нөхцөлд нийгэмд нөлөөлж байдаг. Энэ бол нийгмийн суурь шинэчлэл юм гэдгийг хуульч Х.Номингэрэл өнөөдөр болсон “Democracy transformation” уулзалт дээр тодотгож байлаа.



“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс зохион байгуулсан уг уулзалтад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, хуульч, судлаач Г.Эрдэнэбат, эдийн засагч Б.Жаргалан нар оролцож, нийгэм, эдийн засгийн гүн бүтцийн өөрчлөлт өнөөдөр зайлшгүй чухал байгааг эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн хүрээний үйл явц, асуудал, бодлого, шийдвэр, хэрэгжилтээр жишин тайлбарласан юм.


Монгол Улсад өнөөдөр 500 гаруй хууль хэрэгжиж байна. Үүний 280 орчим нь нийгмийн харилцааг тогтмол зохицуулдаг талаар хуульч Г.Эрдэнэбат мэдээллээ. Тэрбээр, хууль батлаад бүх зүйл сайхан болно гэсэн хүлээлт нийгэмд байдаг ч манайд хуулиа өөрөөр хэрэгжүүлээд байдаг.

Энэ нь соёлын, зан үйлийн, бүтэц зохион байгуулалтын түвшиндээ хууль шигээ өөрчлөлтийг хийж амжаагүй байгаатай холбоотой гэдгийг онцлон хэлж байна. Үүнд хуулийг хэрэгжүүлж буй хүмүүсийн хандага, сэтгэхүйг өөрчлөөгүй, хуучнаар нь орхисон нь үндсэн шалтгаан болж байна гэлээ.


Холбоотой мэдээ