АРХАНГАЙ: “Хариуцлагатай нүүдэлчин стандарт”-ын гэрчилгээ авахаар бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-31 14:03:53

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Булган сумын “Шинэ булган сор” хоршоо нь “Хариуцлагатай нүүдэлчин стандарт”-ын шаардлага, зохистой дадлуудыг гишүүддээ сургаж, хэвшүүлэн стандарт хангасан хоршоо болж, тус системийн дагуу гишүүдийнхээ түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэн хамтран ажиллахаар зорьж байна.


Энэ ажлын хүрээнд хоршооны гишүүдийн хурлыг хийж, “Хариуцлагатай нүүдэлчин стандарт”-ын гэрчилгээ авах ямар давуу талтай байдаг талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.



Монгол Улс бэлчээрт тулгуурласан нүүдлийн мал аж ахуйтай орон. Мал аж ахуй болон малчдын амжиргаа, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь байгаль, цаг уур, бэлчээрийн төлөв байдалтай салшгүй холбоотой, бас шууд хамааралтай юм. Мөн мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ихэнхийг хагас боловсруулан гадны зах зээлд нийлүүлдэг.


Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос болж, хөгжингүй орнуудын хэрэглэгчид ухамсарт сонголт хийх болсон. Энэ нь тэдний авч хэрэглэж буй хувцас, хүнс гээд бүхий л бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй юу, бэлчээрийн төлөв байдлыг доройтуулаагүй биз, мал амьтны тавлаг байдлыг хангасан уу, эрүүл мэндийн хувьд баталгаатай юу гэх асуултыг тавьж эхэлсэн. Гэтэл Монгол Улсад нүүдлийн мал аж ахуйн стандарт гэж байдаггүй, уламжлалт аргаараа хэдэн зуун жил байгальтайгаа зохицон амьдарч ирсэн уламжлал бий. Малын мах болон бусад түүхий эдийг эрүүл мэндийн баталгаа, гарал үүслийг нотолж чаддаггүйгээс болж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ үнэлэмж муу байдаг. Мөн малчид түүхий эдээ бэлтгэхдээ чанар стандартыг анхаардаггүйн улмаас түүхий эд нь чанар муутай байдаг.


“Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр “Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн мөшгөх тогтолцоог 2018 оноос хөгжүүлж, улмаар ХХААЯ-д хүлээлгэн өгсөн. Мөн уг системийг цаашид хөгжүүлэх асуудлыг тус ТББ орхиогүй ба “Хариуцлагатай нүүдэлчин стандарт” болгон батлуулсан.


Улмаар стандартын хариуцлагатай нүүдэлчин зохистой дадал, шаардлагуудыг амьдралдаа хэвшүүлсэн, шалгуур хангаж буй анхан шатны хоршоодод хариуцлагатай нүүдэлчин стандартын гэрчилгээ олгох юм. Гэрчилгээ авсан хоршоодыг үндэсний болон гадаадын үйлдвэр, компаниудтай холбож өгөхөөс гална чанартай, эрүүл, байгаль орчинд ээлтэй, мал амьтны тавлаг байдлыг хангасан, хариуцлагатай нүүдэлчдээс бэлтгэсэн чанартай түүхий эдээр дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд гаргаж эхлээд байна. 

Холбоотой мэдээ