СЭЛЭНГЭ: Виртуал дугуйн улсын уралдаанаас 2 алт, 1 мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-31 15:15:50

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын Дугуйн холбооноос виртуал дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулсан байна.


Энэ сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт болсон тус тэмцээнээс Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ” клубийн өсвөрийн дугуйчин охид /15-19 нас/ 2 алт, нэг мөнгөн медаль хүртжээ.  


Хурд, хүчний гайхамшгийг үзүүлдэг онцлогтой виртуал дугуйн уралдаанд нийт 44 тамирчин оролцсон байна. Дугуйчид эхний өдрөө 57 км, 2 дахь өдрөө 70 км замыг туулан барианд орж, аваргуудаа тодруулжээ.   


Энэхүү тэмцээн нь зааланд уралддаг олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгэн төрөл юм.

Тухайлбал дугуйн тусгай суурин дээр уралдааны дугуйгаа байрлуулаад, сууриа интернэттэй холбон хэдэн км цагийн хурдтай, хэдүүлээ ямар замаар уралдаж байгаагаа, мөн өөрийгөө том дэлгэцэн дээр хянах боломжтой аж.


Хэдийгээр зааланд суурилуулсан суурин дугуйн дээр жийж байгаа ч замын бартаа, ангиллыг зааж өгдгөөрөө онцлог юм.


Иймээс оролцож байгаа тамирчид өгсүүр өөд араагаа хөнгөрүүлж өгсөх, уруу зам гарч ирэхэд араагаа хүндрүүлээд маш болгоомжтой уруудах маягаар жийдэг байна.


Хэрэв уралдааны явцад гэмтэж бэртэн уралдааны замаас гарвал дахиж орох боломжгүй, хасагддагаараа бас онцлогтой ажээ. 

Холбоотой мэдээ