“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-01 11:11:48

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” Төрийн ордонд өнөөдөр 09.00 цагт эхлэв. Форумыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэллээ.


Тэрбээр хэлсэн үгэндээ, анх Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал болох “Алсын хараа-2050"-ыг баталж байхад Бүсчилсан хөгжлийн үзэл баримтлал батлагдаж чадаагүй үлдэж байсан. Тэгвэл өнөөдөр бид энэ сэдвээр хаа сайгүй ярьдаг болж. Ийм хэмжээний эрэлт манай нийгэм, эдийн засагт хэзээ ч үүсэж байгаагүй. Энэ нь бид хэрхэн хамтдаа хөгжих вэ гэсэн агуулга руу орж байгаагийн илрэл юм.

Ингэснээр бид 20 жилийн хугацаанд удаашралтай байсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хоёрхон жилийн дотор, эсвэл 4 жилийн дотор хийж магадгүй. Төсөв, хөрөнгө оруулалт 330 хуваагддаг байсан бол одоо бүсчлээд 7 хуваагддаг болохыг үгүйсгэх аргагүй.


Тэр хэмжээгээр хөрөнгө, мөнгө төсвөө асар их хэмнэх боломжтой юм. Тиймээс УИХ Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжих тогтоол баталж, Засгийн газар 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байна. Энэ бол томоохон хөгжлийн эхлэл юм гэв.


Дээрх утга агуулгаар өнөөдрийн форумыг зохион байгуулж, Эдийн засгийн чуулган биднийг үйл ажиллагаагаа илүү уялдуулан, ажил хэрэгч байдал руу хөтөлнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Чуулганы үр дүнд үндэслэн Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр боловсруулж, шинэ төвлөрлийн бүс, олон тулгуурт байдлаар эдийн засгаа тэлэх талаар хамтдаа дахин ярилцаж үйл хэрэг болгоно гэдгийг онцлон хэллээ.



Ерөнхий сайдын нээлтийн үгийн дараа Монгол Улсын шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийн талаар форумд оролцогчдод танилцууллаа. Тэрбээр танилцуулгынхаа өмнө Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм.

Эдийн засаг сүүлийн 8 улирал дараалан өсөж, 2023 оны байдлаар Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөх төлөвтэй байгааг дуулгав. Энэ өсөлт нь бүс нутагтаа төдийгүй дэлхийд өндөр үзүүлэлтэд тооцогдохоор байгааг тодотгож байлаа. 




Холбоотой мэдээ