Өрнийг зорьсон “Хээрийн галууд”, өнөөгийн Монголын анхны сэхээтнүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
erdenebat@montsame.mn
2024-02-05 11:23:59

         Зургийн тайлбар: Тэдний хувцсыг Хүрээнд байсан пүүсээс худалдаж авсан байдаг аж. Гучин таван хүүхдийн тав нь эмэгтэй сурагч байсан бөгөөд үсээ загварлаг тайрсан ганган охид байсан гэж герман иргэд дурсан ярьжээ. 


Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөрлөж харина” гэж монголчууд ишлэх дуртай. Шувуу шувуудын дундаас чухам яагаад хээрийн галууг онцлон ийн өгүүлсний тухайд мэдээж олон сонирхолтой тайлбар гарах биз ээ. Ямартай ч хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ажээ. 

 

Дэлхийн ноён оргил, Гималайн нурууг даван нисдэг энэ хүчирхэг жигүүртнээс ч өндөрт "нисэх" ийм л хариуцлага, тийм л мөрөөдлийг өвөрлөн, 1926 онд 41 залуу өрнийг зорьсон нь юутай бахтай, юутай гэгээн зам байсныг их зохиолч Д.Нацагдорж “Алс газар сурахаар явагч” шүлэгтээ өгүүлсэн байдаг билээ. Уг шүлэгт, “...Үүнийг сонирхон түүнийг хачирхан, зуун уул, мянган голыг өнгөрөн, алжаалыг зөвхөн сэтгэлдээ бясалган, баяслыг харийн хэлээр уламжлан, шинэ үзэгдлийн амтанд умбахад түүний далайгаас сувд, тана шүүрдэнэ. Хүний хүү тэгж эрдэнэ өвөртлөн харина” хэмээн 1927 онд бичиж байжээ.

 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглаад удаагүй байсан тухайн үед цаашид улс орноо хэрхэн хөгжүүлэх, ямар замаар аль зүгт хөдлөхөө шийдэх асуудалтай тулгарсан төр Засгийн газраас дэлхийн өндөр хөгжилтэй хэд хэдэн орныг сонгон авч, 10 хүн тутмын хэд нь бичиг үсэгтэй байгааг нь хүртэл харьцуулан судалжээ. Тэр судалгааны үр дүнд Герман, Франц улс хамгийн өндөр боловсролтой болохыг олж таньсан байна.  

 

Ингээд Ардын Засгийн Газрын 1925 оны 11 дүгээр сарын 27-ны хуралдаанаас хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцсэн, дунд сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдээс сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд лицей, тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах шийдвэр гаргажээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 35 хүүхдийг эхлээд явуулж, араас нь 1926 оны намар Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын зургаан хүүхдийг мөн илгээсэн байна. Тэд бүгд 1926 -1930 онд Герман, Францад суралцсан юм.

 

Тэднийг тухайн үеийн Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан, Улаанбаатар хотын дунд сургуулийн захирал Б.Ишдорж, багш Г.Далай нар дагуулан өрнийг зорьж байжээ.

 

Энэ тухай “Үнэн сонины 1926 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт “Тэд сургуулийн хугацаа дуусгаад эргэж ирэх цагт улс төр, ард түмний хэрэгт туйлын их тустай нөхөд магад гарч ирэх буй заа“ хэмээн бичсэнээс үзвэл, Монголд нэн чухал хэрэгтэй мэргэжлийг эзэмшихээр тэдгээр залуус  өрнийг зорьж, зорьсон хэргээ бүгд нэр төртэй биелүүлснийг тэдний хожмын үйл хэрэг харуулдаг билээ.

 

Анх сурагчдыг Берлинд очсон үеийг тэднийг анх тосож авсан Сергей М.Вольф гэж хүний сонирхолтой дурсамж байдаг. Тэрбээр, “Тэдний ачаа нь ихэвчлэн торгон алчууртай, хэрээс маягаар зөрүүлж зангидсан том дөрвөлжин баадан, сүрлэн сүлжмэл чемодан байсан. Штетиний гудамжаар тэднийг дагуулаад  явж байхад маш олон хүн надаас энэ хүүхдүүд хаанаас ирсэн, хаашаа явж байгаа юм, нүүдлийн цирк үү? гээд л асууж байлаагэж бичсэн нь хоёр орны ард түмний найрсаг сайхан харилцааны бас нэгэн сонин түүхийн баримт болон үлджээ.

 

Сурагчдыг анх Берлиний төвөөс баруун хойш 20 гаруй км-ийн зайд орших Форнау тосгонд дөрвөн давхар амины сууц түрээслэн суулгасан бөгөөд сурагчид тэнд 1926 оны 6 дугаар сарын 14-нөөс 1927 оны 1 дүгээр сар хүртэл амьдарсан байна.

 

Герман хэл сурсан сурагчид 1927 оны эхээр БНМАУ-ын Засгийн газартай худалдааны гэрээтэй байсан үйлдвэрүүдэд дадлага хийх төлөвлөгөөний дагуу хэд хэдэн хотод хуваагдан суралцсан байна. Берлин хотын Лихтерфельд дүүргийн улсын сургалтын байгууллагад С.Бавуу, Н.Наваан-Юндэн, Б.Доржсүрэн, Б.Содном, УФА нэгдлийн кино, гэрэл зургийн сургуульд Н.Бат-Очир, газар зүйн зургийн Вагнер ба Дебес” пүүст Т.Аюурзана, М.Лувсаннамжил, Арно пресс ба Хершфелд пүүст Ц.Баатарсэнгэ, С.Лувсандамдин нар хуваарилагджээ. Харин Лайпцигт сэтгүүлчийн ангид Д.Нацагдорж хувийн тохиролцоогоор, охидын лицейд Д.Пагмадулам суралцжээ.

 

Мөн Сальфелд хотын Виккерсдорфын чөлөөт сургуульд Д.Намдаг, Б.Гомбо Л.Намхайцэрэн, Д.Цэрэнханд, Ц.Бадарчин, Д.Сэдэд, Т.Нацагдорж, Г.Цэвээн, Г.Батсүх, Г.Хаалаа нарын 10 хүүхэд суралцсан байна.

 

Айзенайх хотын Дикси автомашины үйлдвэрт Г.Базарням, н.Лувсан нар, Ораниенбург хотын хөдөө аж ахуйн сургалтын байгууллагад Д.Санжаа, Лецлинген хотын гар үйлдвэрлэлийн хамтлагт Ц.Лувсанцэнд, Ш.Цэвэг, Д.Сурмаажав, Б.Юмхүү нар, Котбус хотын нэхмэлийн сургуульд Л.Гомбожав, н.Сумьяа нар тус тус суралцжээ.

 

Маш нарийн бодлого, төлөвлөгөөгөөр хүч хөрөнгө зарцуулж бэлдэж байсан тэдгээр хүүхдийг герман соёл, төлөвшилд ойр байлгах үүднээс дотуур байранд биш, герман айлд байлгахыг чухалчилж байжээ.


Энэ тухай Д.Сурмаажавын охин Н.Баясгалан телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо, “Миний ээжийн амьдарч байсан айл чинээлэг айл байжээ. Ээжтэй маань нас бие чацуу нэг охинтой байсан юм билээ. Ээжийг маань охинтойгоо яг адилхан хувцасладаг байсан гэсэн. Харин Г.Хаалаа нь шоколадны үйлдвэрийн эзнийд суусан юм билээ. Тэр айл нэг хүүтэй, тэр хүү нь түүнд сэтгэл алдарч, төрсөн өдрөөр нь “Хаалаа” нэртэй шоколад гаргасан гэж ээж маань ярьдаг байсан” хэмээн дурсан ярьжээ.

 

БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин төлөөлөгч Г.Гүрсэд 1928 онд Герман, Франц улсаар зорчихдоо тэнд сурч буй монгол хүүхдүүдийн аж байдалтай танилцаад, Гадаад явдлын яаманд ирүүлсэн тайлан илтгэлдээ, “Виккерсдорф дахь хувийн сургуульд сурдаг Г.Батсүх, Д.Сурмаажав нар 7 дугаар ангид суралцаж байна. Тэд ирэх жил сургуулиа төгсөх тул дараа нь эмч болгохоор төлөвлөсөн...” хэмээн бичсэн нь архивт үлдсэн байна.

 

Харин “Баатар ван Наваан-Юндэн” номд С.Бавуу нөхдөө дурсаж, “Бид очоод зургаан сарын дотор герман хэл сурсан. Хэл суртлаа гадагш ер гардаггүй. Ялангуяа, Н.Наваан-Юндэн юм сурч мэдэх хүсэлтэй, үг дуу цөөтэй. Хааяа нэг “Та нар гарч явж болохгүй, хичээлээ давт” гэдэг. Тэр үгийг бид ч дор нь биелүүлнэ. Ардыг Гэгээрүүлэх Яамны төлөөлөгчид ирж биднээс, “Та нар гэр орноо санаж байна уу, буцах уу” гэж асуухад, Бид сургуулиа төгстөл буцахгүй. Зардал ч их гарна гэж Н.Наваан-Юндэн биднийг төлөөлж, хариулсан” хэмээн бичжээ.


Эдгээр тайлан илтгэл, дурсамж, номоос харахад, сурагчдыг герман хэлтэй  болгоод дараа нь шат шатны сургуульд өөр өөр төрлийн мэргэжил эзэмшүүлэх анхны жанжин шугамаас хазайгаагүй байна.

 


Өрнөд суралцаж байсан тэдгээр сурагч, багш нар Монголын боловсролын салбарт оруулсан бас нэгэн том хувь нэмрийг онцлон хэлэх хэрэгтэй бөгөөд Германд дэлхийн физик газарзүй, улс төрийн газрын зургийг монгол хэлээр хэвлүүлэх ажилд тэд идэвхийлэн оролцжээ. Тодруулбал, Монгол газрын зургийг 1926  оноос 1927 оны 7-р сард хүртэл “Вагнер ба Дебес” пүүст хэвлүүлсэн бөгөөд тус пүүст дадлага хийж байсан Т.Аюурзана, М.Лувсаннамжил, мөн Н.Наваан-Юндэн нар ч их үүрэг гүйцэтгэсэн байдаг.


Тэгээд монгол хэлээр монгол бичгээр тэмдэглэсэн газрын зургийг мянган ширхэг, атласыг 10 мянган хувь хэвлүүлж байжээ. Түүнчлэн сурагчдыг хариуцаж байсан Б.Ишдорж Монголын төлөөх олон ажил амжуулсны нэг нь 11 хайрцаг монгол үсгийн бичгийн машин, 18 хайрцаг газрын зургийг Монгол руу илгээж байсан байна.


Тэдгээр залуус эх орондоо эргэн ирсний дараа хэрхэн ажиллаж амьдарсан талаар сэтгэл өвтгөм түүх бий ч, шинэ Монголын анхны сэхээтнүүд гэж зүй ёсоор үнэлэгдэх олон талт үйлсэд түүчээлэн зүтгэсэн байдаг.

 

Тухайлбал, Монголын анхны зам гүүрийн инженер болсон Л.Намхайцэрэн соёл урлагийн салбарт мөн зүтгэн, жааз хөгжмийн оркестрыг үүсгэн байгуулалцаж, дүрслэх урлагийн салбарын нэрт зүтгэлтэн, дуурь бүжгийн театрыг үндэслэгч болсон байна. Виккерсдорфын чөлөөт сургуулийн зургийн багш Людвик Хершфелд Мак түүний зурах авьяасыг сайшааж таталбар хийх, барлах, хэвлэлийн техниктэй харилцах, байгууламжийн зураг гаргах зэрэг эрдмийг заасан байдаг. 

 

Монгол хүн бүрийн мэддэгчлэн, Д.Нацагдорж Германаас буцаж ирснийхээ дараах 10 гаруйхан жилд  яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжиг, орчуулга гэх мэтээр уран зохиолын бүх төрлөөр маш амжилттай ажиллаж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээх алдрыг зүй ёсоор хүртсэн, их соён гэгээрүүлэгч болсон билээ.

 

Монголын театрыг Д.Намдаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэрбээр “Шинэ Монголын шинэ театр” номыг 1988 онд хэвлэгдсэн байдаг. “Цаг төрийн үймээн” роман, “Ээдрээ”, “Наянчулууны ой” зэрэг жүжгүүдээрээ төрийн хошой шагнал, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг хүртсэн билээ.

 

Төмрийн Нацагдорж нь “Норжмаагийн зам” Монголын уран сайхны киног 1938 онд найруулжээ. Энэ нь монгол хүн бие даан найруулсан, анхны монгол кино болсон билээ.

 

Ийнхүү зөвхөн урлаг соёл, уран зохиолоор хязгаарлагдалгүй, шинжлэх ухааны бусад олон салбарын анхдагч эрдэмтэд тэдний дундаас мөн төрсөн билээ. Тодруулбал, Ж.Дүгэрсүрэн геологич минерологийн ухааны доктор, Д.Санжаа хөрс судлаач, Ш.Цэвэг нэртэй геологич, Г.Батсүх ардын багш, С.Бавуу гавьяат багш болж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулцгаажээ.

 

Б.Сэдэд Гамбург хотын төмрийн үйлдвэрт дадлагажигч сурагчаар ажиллаж байгаад бусад нөхдийн адил эх орондоо татагдан ирээд төмрийн үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр Улаанбаатар хотын төв талбай дахь Д.Сүхбаатарын хөшөөний төмөр гинжийг хийхэд өрнөдөд бэлтгэгдсэн мэргэжилтний хувиар оролцсон байна.

 

Герман улсын Штернберг хотын тоосгоны үйлдвэрт хуваарилагдсан  Б.Цэдэндамба нь эх орондоо ирээд мэргэжлийн дагуу Улаанбаатар хотын тоосгоны үйлдвэрт ажиллаж, мөн Санхүү, худалдааны техникумын анхны багшийн нэг болжээ.

 


Ийнхүү өрнийн өндөр хөгжилтэй орноос ганзага дүүрэн ирсэн тэдгээр 40 сурагч ар араасаа мянга мянган залуусыг сурч мэдэхийн гэгээн замд хөтөлсөн анхдагчид байсан төдийгүй Монгол, Герман хоёр орны ард түмний бие биеэ ойлгон нөхөрлөх, найрсаг дотно харилцааны үндэс суурийг бахархалтай сайхан тавьж өгсөн шилдэг залуус байлаа. 


Холбоотой мэдээ