Нутгийн зүүн өмнөөр цас орж, цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-04 17:36:08

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр хоёрдугаар сарын 4 буюу өнөө шөнө болон маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг анхааруулж байна.


Хоёрдугаар сарын 4-ний 20.00 цагаас хоёрдугаар сарын 5-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын зүүн, төвийн аймгуудын өмнөд болон зүүн аймгуудын өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 35-40 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 28-33 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байх нь.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


Хоёрдугаар сарын 6-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм хүйтэн байна.


Өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

 

Холбоотой мэдээ