СЭЛЭНГЭ: Багийн хөгжил, иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-06 10:31:16

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгон нийт 57 багт хуваагддаг. Баг тус бүр өөрийн онцлогтой. Тухайлбал тус аймгийн алслагдсан сумдын багуудад хүн ам цөөтэй байхад, төвлөрсөн томоохон сумдын нэг багт 4000 гаруй хүн ам оршин суух жишээтэй. Энэ ч үүднээс хүмүүсийн амьжиргааны түвшин, амьдрах орчин нөхцөл багийн хөгжилтэй шууд холбоотой юм.


Ингээд аж үйлдвэрийн гол бүс Сайхан сум, газар тариалангийн элит сум Цагааннуур сумын зарим багийн онцлогийн талаар багийн Засаг дарга нарын яриаг хүргэе.


Сэлэнгэ аймгийн Сайхан сум гэхэд аж үйлдвэрийн бүс нутаг. Тус сумын 3-р баг буюу Номгон тосгон гэхэд бас л өөрийн онцлогтой юм. Энэ талаар тус тосгоны захирагч Э.Батсүх ийн ярьж байна.

 

-Танай багийн тухайд хичнээн хүн ам оршин сууж байна. Тосгон гэдгээрээ бас арай давуу юу?

-Манайх Сайхан сумын Номгон 3-р баг буюу Номгон тосгон. Манай хажууд Дархан-Уул аймаг гээд 100 гаруй мянган хүн амтай маш том аймаг байна. Манай тосгон улсын бүртгэлээрээ 2100 хүн амтай. Статистикийн тухай хуулиар бол 180 хоногоос дээш хугацаагаар амьдарсан гэдэг зүйлээр Дархан-Уул аймгийн 2, 3-р багийн 4200 гаруй хүн манай баг дээр байдаг.

 

Ингээд нийт 6000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг бид анхан шатны нэгжид хүргэн ажиллаж байна.

 

Манай багийн хувьд мэдээж давуу талууд бий. Тухайлбал төв суурин газарт ойрхон. Сайхан гээд аж үйлдвэр хөгжсөн сумын харьяа. Мөн хотын дайны том аймаг Дархан-Уул аймгийн дунд оршиж байна.

 

Цаашлах юм бол газар тариалан эрчимжсэн МАА-н бүс нутаг, эдийн засгийн том эргэлт, худалдан авах чадвар өндөр гээд олон давуу тал бий.

 

Иймээс алслагдсан сумдаа бодвол худалдан борлуулах, худалдан авах чадвар арай өндөр, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын хэмжээ арай өөр юм болов уу гэж би хардаг.  

 

Тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг АПУ, Сүү хувьцаат компани гэсэн том үйлдвэрүүд малчдын гэрийнх нь гаднаас ирээд сүүг нь худалдан авч байна. Энэ мэт дэд бүтэц, өөрийнхөө давуу тал манайд  байна.  

 

Газар тариалангийн элит сум Цагааннуур сумын Хуурч 2-р багийн Засаг дарга Н.Батбаяр:


Манай баг засмал болон явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй болсон

 

-Манай сум 3 багтай. Манай баг 2500 гаруй хүн амтай, сумын төвийн баг. 582 өрхтэй, сумынхаа 45 хувийг эзэлдэг. Багийн түвшинд засмал зам, явган хүний замтай болсон. Гудамж талбай бүрэн гэрэлтүүлэгтэй. Гэрэлтүүлгээ дагаад камержуулалт хийгдсэн. Худаг бүгд смарт болсон. Энэ ажлууд маань иргэдийнхээ таатай, аюулгүй орчинд амьдрахын төлөө хийсэн байгаа.   

 

Манай баг дээр ваакум цонх хийдэг, мужаан, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, зөгий үржүүлдэг зэрэг өрхийн үйлдвэрлэгчид амьдарч, ажиллаж байна. Эдээр иргэд маань сумын брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр зорин ажиллаж байгаа.     

Холбоотой мэдээ