Вьетнамд луу жилийг угтан Зүүн Өмнөд Азийн хамгийн том дрон шоу үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-02-06 12:04:13

ХАНОЙ, 2024 оны хоёрдугаар сарын 6 /OANA/. Айлчлан ирж буй луу жилийг угтан  Вьетнамын нийслэл Ханой хотын Хо Тай нуурын эрэг дээр энэ сарын 9-нд дрон гэрлийн шоу болно. Зүүн Өмнөд Азийн хамгийн том дрон шоу энэ болох төлөвтэй байна.


Нийт 2024 дрон бүхий шоуг Вьетнамын Газрын тос, байгалийн хийн групп /Petrovietnam/, Вьетнамын Олон нийтийн банк /PvcomBank/, Тай Хо дүүргийн Ардын хороо хамтран сар шинийн баярт зориулан зохион байгуулах ажээ.


Дрон шоу хоёрдугаар сарын 9-ний оройн 23:30 цагт Хо Тай нуурын эрэгт болно. Гэрлэн үзүүлбэрийн дараа луу жилийн эхний өдрийг тохиолдуулан хоёрдугаар сарын 10-ны 00-00:15 цагийн хооронд ёслолын буудлага буудуулна. Гэрлийн шоуг хоёрдугаар сарын 7-ны 21:00 цагт болох сүүлийн бэлтгэлийн үеэр урьдчилан үзэх боломжтой. 


Энэхүү үйл ажиллагааны үеэр Зүүн Өмнөд Азийн бүс нутагт ийм үзүүлбэрт зориулан хамгийн олон дрон нисгэх гэж байгаагаараа онцлогтой бөгөөд Хо Тай нуурын эргэн тойронд шууд дамжуулан үзүүлэх дэлгэцүүд байрлуулж, тусгайлан зохиосон хөгжмийг эгшиглүүлж, вьетнамчууд болон гадаадын зочдод урьд хожид байгаагүй гайхалтай үзүүлбэрийг үзүүлэхээр төлөвлөж байна гэж зохион байгуулагчид мэдээлжээ.

Холбоотой мэдээ