СЭЛЭНГЭ: “Өвлөх аялгуу” шинэ уран бүтээлийн тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-19 13:32:46

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга тун удахгүй “Өвлөх аялгуу” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоо толилуулахаар бэлтгэлээ базааж байна.

 

Энэхүү тоглолтын талаар тус чуулгын дарга Д.Уранбилэгээс тодрууллаа.

 

-Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүх аймаг, сумыг хөгжүүлэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлогыг чиг болгон ажиллаж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2024” аяныг дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

 

Соёлын сэргэлтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид бид “Өвлөх аялгуу” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

 

Манай шинэ уран бүтээлийн тоглолтын хамгийн гол зорилго нь ард түмний дунд дуулагдаж ирсэн, олон үндэстэн ястны өлгий нутгийнхаа онцлогийг харуулсан, дуу хуур, хөгжмийн бүтээлийг бид хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэндээ сурталчлан таниулахаар шинэчлэн найруулж, шинэ концертыг хийж байгаа нь их онцлог болж байна.

 

Бид тун удахгүй энэ тоглолтоо Сэлэнгийнхээ ард түмэнд өргөн барина. Мөн түүнийхээ хажуугаар бүсийн хэмжээнд байгаа Дархан-Уул, Төв аймгийн иргэддээ толилуулахаар ажиллаж байна” хэмээн ярилаа.

 

АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын хөгжмийн багш Т.Серкбек: Ардын урлагийн яруу, тансаг, сайхан аялгууг орчин үеийн урсгалтай хослуулан найруулж, дуугаргаж байгаа нь манай шинэ уран бүтээлийн онцлог гэв.

 

Харин АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын найруулагч Д.Ганзориг: Ардын дуу гэж үнэн үгтэй, үг бүр нь философи болсон энэ сайхан дуунуудыг хөгжимтэй хослуулан хадгалаад байх биш. Яаж хэрхэн үзэгч түмэндээ хүргэх тал дээр бид түлхүү ажиллаж байна гэж ярилаа.

 

-АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын Дуу ангийн багш, МУСТА дуучин Э.Алтанбилэг: Манай чуулгын дуу анги 12 дуучинтэй. Ирээдүй хойч үе минь энэ сайхан ардын дуугаа дуулдаг байгаасай, өвлөн авч үлдээсэй гэсэн зорилготой бид энэхүү шинэ уран бүтээлээ туурвиж байгаа.

 

Бид энэ удаад МУСТА н.Хүрэлбаатар гэдэг залуу хөгжмийн зохиолчтойгоо хамтарсан 2 дахь уран бүтээлээ үзэгч түмэндээ барихаар бэлдэж байна.  

  



-АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин, МУСТА  Б.Цолмон: Бид ардын сайхан өв сан болсон ардын дуунууд, монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон. Мөн ардын дуу болтлоо аялагдаж, хүний сэтгэл зүрхэнд хадгалагдан мөнхөрсөн сайхан дуунуудаас бүрдсэн “Өвлөх аялгуу” хэмээн шинэ уран бүтээлийн тоглолтоо бэлтгэж байна гэв.   

 

Холбоотой мэдээ