УИХ-ын сонгуультай холбоотой нэмэлт зардал гаргах шаардлага үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-21 10:13:14

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо болон Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонссон юм.


УИХ-ын энэ оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн. УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Сонгогчдын нэрийн жагсаалт цаасан болон цахим хэлбэртэй нэгдсэн нэг сантай байх бөгөөд сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ” гэж заасны дагуу нэгдсэн сангаас бүртгэлийг тулгах,  улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд дамжуулан ажиллахдаа 2200 ширхэг 4G сүлжээний төхөөрөмжийг хэрэглэнэ. Уг шийдлийг хэрэгжүүлэх зардалд 484 сая төгрөг шаардлагатай.


Хуулийн хэрэгжилтийг хангах, гадаад улсад байгаа иргэдийн сонгуульд оролцох, саналаа өгөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж буй ДТГ-ын программ хангамжийг иргэний улсын бүртгэлийн газрын цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлийн нэгдсэн санд бүрэн холбох шаардлага үүссэн. Монгол Улсаас хилийн чанадад 49 дипломат төлөөлөгчийн газар бий. Тэдгээрээс 9 нэгжийг иргэний бүртгэлийн нэгдсэн санд холбосон. Дипломат төлөөлөгчийн газруудад VPN сүлжээ тавих бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалт, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах үүднээс уг ажлыг гүйцэтгэнэ. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, гадаад дахь сонгогчдын саналыг авах зорилгоор 38 нэгжид ажиллуулах техник, төхөөрөмжийг шинэчилсэн. VPN сүлжээг нэвтрүүлэхэд 470,301,330 төгрөгийн төсвийг шийдвэрлэн ажиллах шаардлагатай талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороонд танилцуулсан гэв.


Дэд хорооны танилцуулгыг сонссоны дараа сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нэмэлт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр ээлжит сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38,9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17,2 хувь нь хасагдаж баталсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосонтой холбогдуулан саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай байгаа. Саналын хуудаст тэмдэглэх нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн тул санал авах ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх зэргээс улбаалан санал авах байрыг нэмж бэлтгэх, санал авах бүхээгийг нэмж байршуулах, хүрэлцээтэй байлгах зардал нэмэгдсэн. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодод нийт 25951 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах урьдчилсан тооцоо гарсан. Бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон тул шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.  


Ийн хэлэлцсэний эцэст УИХ-ын сонгуулийг зохион байгуулахтай холбоотой шаардагдах зардлыг гаргуулах чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлж, санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Холбоотой мэдээ