Монгол-Тайванийн бизнес уулзалт аялал жуулчлал, эмнэлгийн салбарын хүрээнд болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-21 10:06:53

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол, Тайванийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бизнес уулзалт Тайпэй хотод болж байна.


Хоёр талын 20 дахь удаагийн бизнес форум хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, гадаад худалдаа, эм эмнэлгийн бараа, тоног төхөөрөмж, барилгын салбарын хүрээнд болж байгаагаас манай улсаас 12 компани, ААН-ийн 20 төлөөлөл оролцож байна. Орон нутгаас Өвөрхангай, Ховд аймгийн эм, эмнэлгийн таван байгууллага анх удаа оролцож, Тайванийн Био эм үйлдвэрлэгчдийн холбооны үйл ажиллагаатай танилцлаа.


Монгол Улсын төлөөлөгчдийг дээрх холбооны үйл ажиллагаа хариуцсан захирал Карол Чэнг, Тайванийн Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагаа, эдийн засгийн хэлтсийн дарга Билл Кен-Минг Чен нар хүлээн авч уулзан бизнес уулзалтыг нээсэн юм.

Уулзалтаар хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, гадаад худалдаа, эм эмнэлгийн бараа, тоног төхөөрөмж, барилгын салбарын сүүлийн үеийн хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцож байна. Монголын талаас эм, эмнэлгийн салбарыг төлөөлж “Оди Тан” компани, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төлөөлөл илтгэл тавив.


Хоёр талын бизнес уулзалтын үеэр Тайпэй хотод жил бүр зохион байгуулдаг “Ухаалаг хот” үзэсгэлэн гарч байна. Монгол-Тайванийн бизнес уулзалтыг МҮХАҮТ, Хятадын Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны холбоотой хамтран жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг юм.

Холбоотой мэдээ