ГОВЬ-АЛТАЙ: Х.Гүнжидмаа: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хамгийн их үйлдэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-03-29 13:54:26

Говь-Алтай 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2023 онд орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж дүн шинжилгээ хийжээ. Судалгааны дүн, мэдээллийн талаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Х.Гүнжидмаагаас тодрууллаа.


-Танай байгууллагаас өмнөх онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа хийсэн байна. Говь-Алтай аймагт зөрчлийн хэргийн гаралт ямар түвшинд явж байна вэ? 

-Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд 2023 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалж, дүн шинжилгээ хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон. 2023 онд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагаас зөрчлийн талаарх 1871 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 574 буюу 30.6 хувиар буурчээ.

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэлтээр нь авч үзэхэд 225 буюу 12.0 хувийг хүлээн авахаас татгалзаж, 979 буюу 52.3 хувийг нь хялбаршуулсан журмаар шалган шийтгэл оногдуулж, 630 буюу 33.6 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 31 буюу 1.6 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, ажиллагаанд 6 гомдол мэдээллийг үлдэгдэлтэй байснаар хяналт тавьсан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 99.5 хувьтай байна.   


-Ямар төрлийн зөрчил зонхилон үйлдэгдэж байгаа талаар мэдээлэл өгвөл?

-2023 онд зөрчлийн  630 хэрэгт хяналт тавьж ажилласан бөгөөд дийлэнх буюу 96.9 хувьд нь Цагдаагийн газар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан ба хяналт тавьж ажилласан зөрчлийн хэрэг урд оноос 74 буюу 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хяналт тавьж ажилласан 630 зөрчлийн хэргийг хуульд заасан бүлгээр нь авч үзвэл:


-Зөрчлийн тухай хуулийн Тавдугаар бүлэгт заасан “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил”-ийн хэрэг 204 буюу 32.3 хувь,


-Зөрчлийн тухай хуулийн Зургадугаар бүлэгт заасан “Нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил”-ийн хэрэг 6 буюу 0.9 хувь,


-Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-ийн хэрэг  20 буюу 3.1 хувь,


-Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан “Нийтийн өмч, өмчлөх эрхийн эсрэг зөрчил”-ийн хэрэг 20 буюу 3.1 хувь,


-Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Үнэт цаас, банк санхүү, гааль, татвар, даатгалын журмын эсрэг зөрчил”-ийн хэрэг 1 буюу 0.1 хувь,


-Зөрчлийн тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан “Хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчил”-ийн хэрэг 1 буюу 0.1 хувь,


-Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт заасан “Мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил”-ийн хэрэг 361 буюу 57.3 хувь,


-Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлэгт заасан “Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил”-ийн хэрэг 16 буюу 2.5 хувь


-Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил”-ийн хэрэг 1 буюу 0.1 хувь тус тус эзэлж байна.


-Хэргийн шийдвэрлэлт хэдэн хувьтай явагдав. Судалгаанд төрийн алба хаагчид зөрчил үйлдэж байгаа нь тусгагдсан харагдлаа?

 

-Хяналт тавьж ажилласан зөрчлийн хэргийг шийдвэрлэлтээр нь авч үзвэл 176 буюу 27.9 хувьд нь шийтгэл оногдуулж, 441 буюу 70 хувийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж, 9 буюу 1.4 хувийг хэрэгсэхгүй болгож, 1 хэрэг буюу 0.1 хувийг харьяаллаар шилжүүлж, ажиллагаанд 3 хэргийн үлдэгдэлтэй байсан ба хэргийг шийдвэрлэлт 99.4 хувьтай байна.


Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 630 хэргээс 3 төрлийн зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Үүнд: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил” 361 буюу 57.3 хувийг, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” зөрчил 204 буюу 32.3 хувийг, “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил 20 буюу 3.1 хувийг тус тус эзэлжээ. Эдгээрээс гадна 2023 онд төрийн албан хаагчид зөрчил үйлдэх нь нэмэгдсэн байх тул төрийн байгууллага, алба хаагч нартай холбоотой зөрчил үйлдэгдсэн тухай бүрт нь холбогдох байгууллагад зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна.


-Зөрчлийг ямар хүмүүс ихэвчлэн үйлдэж байна? Энэ талаар судалгаа хийсэн байх?


-Зөрчил үйлдэгчийн байдлыг авч үзэхэд 630 зөрчлийн хэрэгт 647 этгээд холбогдон шалгагдсан байна. Үүнээс 598 буюу 92.4 хувь нь эрэгтэй, 49 буюу 7.5 хувь нь эмэгтэй хүйсийнх бол насны хувьд 18-35 насны хүртэлх этгээд 387 буюу 59.8 хувь, 36-50 насны этгээд 185 буюу 28.5 хувь, 51-ээс дээш насны этгээд 75 буюу 11.5 хувийг тус тус эзэлж байна.


Холбогдсон хүмүүсийг боловсролын байдлаар нь авч үзвэл дээд боловсролтой 66 буюу 10.2 хувь, тусгай дунд боловсролтой 59 буюу 9.1 хувь, бүрэн дунд боловсролтой 168 буюу 25.9, бүрэн бус дунд боловсролтой 209 буюу 32.3 хувь,  бага боловсролтой 70 буюу 10.8 хувь, боловсролгүй 75 буюу 11.5 хувийг тус тус эзэлж байна.

Түүнчлэн холбогдогчдын ажил эрхлэлтийн байдлыг авч үзвэл зөрчилд холбогдогчийн 121 буюу 18.7 хувь нь оюутан буюу өсвөр насны этгээд, 196 буюу 30.2 хувь тодорхой эрхэлсэн ажилтай, 330 буюу 51.0 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй этгээд байжээ. Бид судалгаандаа зөрчил яг хаана үйлдэгдсэн талаар ч авч үзсэн байгаа.

Тухайлбал, гудамж талбайд 22, орон байранд 169, бэлчээрт 16, авто замд 303, зах худалдааны төвд 11 бусад газарт 109 зөрчил үйлдэгджээ. Тус аймгийн хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил дийлэнх хувийг эзэлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Зөрчил үйлдэгдэж байгаа цаг хугацааг үзвэл өдрийн цагт 343, шөнийн цагт 287 зөрчил үйлдэгдсэн ба үйлдэгдсэн нийт зөрчлийн хэргийн дийлэнх буюу 232 буюу 36.8 хувь нь аймгийн төв буюу Есөнбулаг сумын багуудад  үйлдэгдсэн байна.


-2023 онд үйлдэгдсэн зөрчлийн талаар ярилцлаа. Тэгвэл гэмт хэргийн гаралт хэр байв, өсөв үү, буурав уу?

-Аймгийн прокурорын газраас 2023 онд 507 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өмнөх онтой харьцуулахад хяналт тавьсан гомдол, мэдээлэл урд оноос 75 буюу 14.7 хувиар буурсан байна. Хяналт тавьсан 507 гомдол, мэдээллийн 151 буюу 29.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 237 буюу 46.7 хувьд нь хэрэг бүртгэлтийн нээхээс татгалзаж, 77 буюу 15.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 42 буюу 8.2 хувийн гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байснаар нийт хэргийн 91.5 хувийг эцэслэн шийдвэрлэлээ.


Тус аймгийн хэмжээнд Арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 70, Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 94 үйлдэгдсэн байгаа нь хамгийн их үйлдэгдсэн байна.


Аймгийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ял оногдуулсан 176 хүнийг ял оногдуулалтын байдлаар нь ангилбал хорихоос өөр төрлийн ял оногдуулсан 90, хорих ял оногдуулсан 26, тэнссэн 32, албадлагын арга хэмжээ авсан 27, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 этгээд байна.


-Зөрчил ихэвчлэн Есөнбулаг суманд үйлдэгдсэн тухай өмнө нь ярьсан. Тэгвэл гэмт хэрэг аль суманд түлхүү үйлдэгдэж байна. Үйлдэгдсэн гэмт хэрэгт хэчнээн хүн холбогдсон бэ?

-Гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байгаа сум болох Есөнбулаг сумд 112 гэмт хэрэг үйлдэгджээ.


Хүн ам ихээр төвлөрсөн сумд дийлэнх гэмт хэрэг нь үйлдэгдэж байна.  


Хяналт тавьж ажилласан мөрдөн байцаалтын 173 хэрэгт 214 хүнийг яллагдагчаар татан шалгажээ. Яллагдагчдын 192 буюу 89.7 хувь нь эрэгтэй, 22 буюу 11.4 хувь нь эмэгтэй хүйсийн этгээдүүд бол 18 хүртэлх насны яллагдагч 19 буюу 8.8 хувь, 18-35 насны яллагдагч 135 буюу 63.0 хувь, 36-50 насны яллагдагч 49 буюу 22.8 хувь, 51-ээс дээш насны яллагдагч 11 буюу 5.1 хувийг эзэлж байна. Дээрхээс дүгнэхэд 18-35 буюу ид хөдөлмөрийн насны этгээдүүд гэмт хэрэг ихээр үйлдэж байна.


-Гэмт хэргийг ихэвчлэн хэдий насны хүн үйлдэж байна. Өсвөр насныхан холбогдож байна уу?

-2023 онд өсвөр насны 19 хүн гэмт хэрэг үйлдсэн урд оноос 63.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь анхаарал татаж байна. Гэмт хэрэг үйлдсэн 214 яллагдагчийг боловсролын түвшнээр нь авч үзвэл 30 буюу 14.0 хувь нь дээд, 24 буюу 11.2 хувь нь тусгай дунд, 106 буюу 49.5 хувь нь бүрэн дунд, 31 буюу 14.4 хувь нь бүрэн бус дунд, 17 буюу 7.9 хувь нь бага, 6 буюу 2.8 хувь нь боловсролгүй хүн байна. Дээрхээс дүгнэхэд боловсролын байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.


Тус аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны байдлаар нийт 64 хүн нас барсан асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс золгүй байдлаар нас барсан хүн 36, амиа хорлосон 19, хүнийг санаатай алах гэмт хэргийн улмаас 2, зам тээврийн ослын улмаас 6 хүний амь нас тус тус хохирч, 36 хүний эрүүл мэндэд хөнгөн, 13 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 8 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирчээ.


Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс 9 буюу 5.2 хувь нь өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд дахин гэмт хэрэг үйлдсэн ба мөрдөн байцаалтын хэргийн 131 буюу 75.7 хувь хөнгөн, 42 буюу 24.2 хувь нь хүнд ангиллын гэмт хэрэг байна.


-Гэмт хэрэгт төрийн алба хаагчид холбогдсон нь судалгаанд тэмдэглэгдсэн байна. Ер нь холбогдогчийн ажил эрхлэлтийн байдал ямар байдаг юм?

-Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг ажил эрхлэлтийн хувьд судлахад 5 буюу 2.3 хувь нь оюутан сурагч, 78 буюу 36.4 хувь нь эрхэлсэн тодорхой ажилтай бол 131 буюу 61.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. Үүнээс 29 төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдсон байна. Гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчийн 7 буюу 24.1 хувь төрийн тусгай, 5 буюу 17.2 үйлчилгээний, 17 буюу 58.7 хувь нь төрийн захиргааны албан хаагч гэмт хэрэгт холбогдсон байна.


2023 онд шинээр дугаар олгосон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн улмаас бусдад 41217700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалын шатанд 10 531 600 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн байна.


Төрд 30534500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 3880000 төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.


-Аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулав?

-Аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 26 прокурорын мэдэгдэл бичиж байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлж биелэлтийг нь тооцон ажиллаж байна.


Түүнчлэн тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж 8 судалгаа хийснээс 5 нь тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, 3 нь зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах судалгааг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 1 буюу 14.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Давхардсан тоогоор 19 төрийн байгууллагын 450 гаруй иргэдэд гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэдэд яриа таниулга хийж, мэдээлэл өгч ажиллалаа.


Холбоотой мэдээ