БАЯН-ӨЛГИЙ: Баруун бүсийн өвлийн наадамд 8 аймгийн баг тамирчид оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-28 16:13:22

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын Тусгай олимпын хороо, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран Баруун бүсийн өвлийн наадмыг өнөөдрөөс Өлгий хотод зохион байгуулж байна.


Тус спортын наадамд баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгаас гадна Өвөрхангай, Орхон аймаг, Улаанбаатар хотоос нийтдээ 8 багийн 70 тамирчин, 20 гаруй багш оролцож байгаа.


"Монголын Тусгай олимпын хороо нь оюуны хөгжлийн ялгаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, эрүүл мэндийг нь сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг спортын хүмүүнлэгийн байгууллага юм.

Өнөөдөр эхэлсэн спортын тэмцээнүүдтэй зэрэгцээд Өлгий хотын Спорт цогцолборын нэгдүгээр давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон иргэдэд чих, хамар, хоолой, амны хөндий, ерөнхий үзлэг, оюуны бэрхшээл шалгах үзлэг зэрэг таван төрлийн эрүүл мэндийн үзлэг хийж байна.

Мөн өчигдрөөс тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш, нийгмийн ажилтнуудад хөгжлийн болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, хэрхэн нийгэмшүүлэх талаар сургалт явуулсан. Түүнээс гадна өнөөдөр Өлгий сумын хоёрдугаар сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд онолын хичээл, биеийн тамирын хичээл орж байгаа" хэмээн Монголын Тусгай олимпын хорооны спортын захирал Б.Мөнх-Од хэлэв.


Баруун бүсийн өвлийн наадмыг гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бочи, агаарын теннис зэрэг спортын таван төрлөөр зохион байгуулж байгаа ба гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн тэмцээн маргааш Зээгтийн даваан дээр болно.


Өвлийн спортын наадмын үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ