Консул Т.Батцэцэг АНУ-ын Миннесота мужийн захирагч Тим Уолзтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-17 15:21:23

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа консул Т.Батцэцэг АНУ-ын Миннесота мужийн захирагч Тим Уолзтай энэ сарын 15-нд Сэйнт Пол хотноо уулзав.


Уулзалтын үеэр консул Т.Батцэцэг Монгол Улс, АНУ-ын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжууд болон 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах зэргээр Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсоны дагуу англи хэлний багш нарыг бэлтгэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр тус мужтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Миннесота мужийн захирагч Тим Уолз Монгол Улсын консул тус мужид зочилж байгаад талархал илэрхийлээд, мужийн захиргааны зүгээс худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Консулын газар тус мужийн их дээд сургууль, аж ахуйн нэгж зэрэг байгууллагатай харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.


Холбоотой мэдээ