Ам.долларын ханш 2000 төгрөг давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-01-19 11:44:39

Ам.долларын ханш энэ сарын 15-наас эхлэн төгрөгийн эсрэг 0.4 хувиар өсч, 2000 төгрөг давлаа. 

Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2015 оны наймдугаар сараас тогтворжиж, он дуустал 1994-1996 төгрөгт дунджаар барьж байсан. Харин энэ сарын 15-наас эхлэн 2003.48 төгрөг хүрч, өнгөрөгч оны сүүлээс 0.4 хувиар, нэг жилийн өмнөх үеэс 3.4 хувиар дунджаар нэмэгдээд байна. 
Өнөөдрийн байдлаар Төв банкнаас зарласан албан ханш 2004.88 төгрөг байгаа бол арилжааны банкууд дунджаар 1998-2004 төгрөгөөр авч, 2007-2010 төгрөгөөр зарж байна. 
Харин “Найман шарга” валютын зах дээр өнөөдөр өглөөний 10.00 цагийн байдлаар ам.долларыг 2005 төгрөгөөр авч, 2008 төгрөгөөр зарж байна. Тэгвэл өнгөрөгч оны 11 дүгээр сараас ханш нь унаад байсан юань он гарсаар төгрөгийн эсрэг дахин чангарч, өнөөдрийн байдлаар 305 төгрөгт хүрээд байна. 
Өнгөрсөн долоо хоногийн мягмар, пүрэв гарагт хийсэн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 31 сая орчим ам.долларыг валютын зах зээлд нийлүүлсэн. Гэсэн ч ам.долларын ханш өссөөр байгааг Сар шинийн баярын худалдан авалттай холбоотойгоор тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл жил бүрийн нэг, хоёрдугаар сард ам.доллар, юанийн ханш өсөх хандлага ажиглагддаг аж. 

/Монголбанкнаас зарласан ханш/

/Арилжааны банкуудын ханш/

Н.Гантуяа

 

 

相关新闻