Усалгаатай талбайн хэмжээг хоёр дахин нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-17 16:22:23

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн үр дүнд 7 аймгийн 10 сумын газар тариалангийн услалтын системийг шинэчилнэ.


Одоогоор 7 сумын услалтын системийг шинэчлэн, улсын комисст хүлээн өгчээ. Нийт газар тариалангийн 400 мянган га газраас 54 мянга орчим нь усалгаатай тул Засгийн газраас 2030 он гэхэд усалгаатай талбайг 120 мянган га-д хүргэхээр төлөвлөж байна.


АХБ, Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл хуучирч муудан үр ашиггүй болсон услалтын системийг сэргээх, түүнийг үр ашигтай ашиглах хүний нөөцийг бэлтгэх газар тариалангийн техник ашиглалт оператор, усжуулагч-операторын богино хугацааны сургалтыг ХААИС дээр эхлүүллээ.

Хөтөлбөрийг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлэхдээ, “Улсын хэмжээнд газар тариалангийн услалтын систем нь үр ашиг бага, хуучирсан, дэд бүтэц тогтвортой бус, засвар үйлчилгээнд хөрөнгө оруулдаггүй, олон жил орхигдсон байсан. Иймд услалтын системийг сайжруулах, ус ашиглагчдын чадавхыг бэхжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмж, ногоочдын уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдлыг багасгах, усны нөөцийг зөв зохистой ашиглах менежмент бий болгохыг зорьж байна. “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн дүнд үр ашигтай услалтын системийн хэмжээг 3031 га-аар нэмнэ. Шинээр бий болгосон услалтын системийг үр ашигтай ажиллуулах, технологийг нутагшуулахад газар тариалангийн техник ашиглалт оператор, усжуулагч-операторын үүрэг оролцоо их байх болно” гэлээ.



Дээрх сургалтаар газар тариалангийн услалтын систем шинэчилсэн сумын 20 хүнийг усжуулагч-оператор, газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн оператороор бэлтгэнэ. Мөн сумдын ногоочин, хөдөө аж ахуйн мэргэжилтнийг услалтын систем ашиглах график гаргаж, зөв тарималыг тариалах, усны хэрэглээ, урсгал зардлыг тооцох арга зүйд сургах юм. 

相关新闻