Жолооч нар ихэвчлэн гэрэл дохио зөрчсөнөөс оноогоо хасуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-29 17:37:27

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд заасны дагуу зөрчлийн оноо тооцдог болсонтой холбогдуулан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”–ыг  2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр баталсан. Уг журам энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Замын Цагдаагийн газрын УСОНХХ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос зарим зүйлийг тодрууллаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу "Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам"-ыг өнгөрсөн оны 8 дугаар сарын  28-нд Хууль зүйн сайд баталсан. Энэ журам өнгөрсөн оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих байсан боловч цаг хугацаа, техник технологи, программ хангамжийн хувьд төдийлөн бэлтгэгдээгүй байснаас болж 2016 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэлсэн. Уг журмын хэрэгжилт эхэлснээс хойш 2 дугаар сарын 26-ны байдлаар 7,978 жолооч зөрчлийн оноогоо хасуулсан гэж Я.Соронзонболд хариу өгөв. Жолооч нар нэгдүгээрт, хамгаалах бүсээ зүүгээгүй эсвэл зорчигчийн хамгаалах бүсийг зүүгээгүйгээс болж оноогоо хасуулсан тохиолдол их бүртгэгдсэн. Хоёрдугаарт, гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог зөрчсөнөөс болж оноогоо их хасуулж байна. Гуравдугаарт, орон нутгийн замд явахдаа хүн, ачаа тээвэрлэх журмыг зөрчиж байгаа. Эдгээр зөрчилд 1-3 оноо тооцож хасагдсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нарын гаргадаг зөрчил тодорхой хэмжээгээр буурч эхэлсэн гэдгийг ч онцоллоо.

Ж.Батсайхан

相关新闻