Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-31 15:08:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, аймаг орон нутгийн үзэсгэлэнт газар нутаг, сонин сайхан зүйлсийг харуулсан бэлэг дурсгалын зүйлстэй болох. цаашлаад уг бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын аялагч жуулчид, хүн ардад сурталчлан таниулах, шинэ зах зээл бий болгох зорилгоор “Үзэсгэлэнт Сэлэнгэ” гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний уралдааныг өнгөрсөн зунаас аймгийн хэмжээнд зарласан юм.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ГОУХАН/-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан уг уралдааны дүн гарч энэ сарын 30-ны өдөр шилдгүүдээ тодруулж шагналыг нь гардуулан өглөө. Шилдэг бүтээлийн эздийн шагналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт нар гардуулав. “Үзэсгэлэнт Сэлэнгэ” гар урлалын бүтээгдэхүүний модон эдлэлийн төрөлд тэргүүн байрыг С.Болдбаатар захиралтай “Хөвчит нум” ХХК, удаах байрт Б.Энхболд, Б.Ганболд. Чулуу, төмөр эдлэлийн төрөлд тэргүүн байрт Л.Баттөмөр, удаах байрт Ц.Цогтжаргал, Гончигсүрэн, арьс, эсгий, даавуу эдлэлийн төрөлд тэргүүн байрыг Б.Лхамаа, удаах байрт Ч.Батдорж, Л.Ганбаатар захиралтай “Шилмэл эсгий” ХХК тус тус шалгарлаа. ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрөөс тэргүүн байрын эздэд нэг сая, дэд байрт 700.000, гутгаар байрт 500.000 төгрөгийн тоног төхөөрөмж, эрхийн бичиг гардууллаа. Мөн уралдааны нийт шагнагдсан хүмүүст 360.000 төгрөгийн төлбөртэй сургалтад үнэ төлбөргүй суух эрхээр урамшууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил энэхүү сургалтыг аймагтаа зохион байгуулж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ зардлыг хэмнэх хүсэлтээ илэрхийлснийг ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал хатагтай Карин Райнпрехт хүлээн авсаа илэрхийллээ. Энэхүү “Үзэсгэлэнт Сэлэнгэ” гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн уралдааныг аймгийн Засаг даргын А/340 тоот захирамжаар 08 дугаар сарын 13-наас 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зохион байгуулжээ. Уралдаанд 31 бүтээлчийн нийт 51 бүтээл ирүүлсэн байна. Эдгээр бүтээлүүдээс гурван ангилалд есөн байрын бүтээлийг шалгаруулж, 6.600.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг авах дэмжлэг үзүүлжээ

相关新闻