Г.Алтансүх: Арьсан эдлэлээ "Архангайн брэнд" болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангайн нэгэн брэнд болгон үйлдвэрлэж буй арьсан эд хэрэглэлийн бизнес эрхлэгч Г.Алтансүхтэй ярилцлаа. Тэрээр Архангайд хүргэн болж ирээд, энэхүү бизнесийг эхлүүлсэн байна. Энэхүү бизнесээ өргөжүүлж, гадаадад экспортлох чин хүсэлтэй залуу бизнес эрхлэгийн ярилцлагыг сийрүүлэн хүргэе.
-Сайн байна уу? Ажил сайн уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ганбаатарыг Алтансүх гэдэг. 28 настай. Эрдэнэбулган сумын 3-р багт оршин суудаг. Хувиараа арьсан эдлэлийн бизнес эрхэлж байна.
-Архангай аймагт арьсан эдлэлийн бизнесээ хэзээ эхлүүлсэн бэ?
-Анх гурван жилийн өмнөөс хувиараа хийж эхэлсэн. Гэхдээ дунд нь сураад жаахан завсарласан. Одоо бол компаниар үйл ажиллагаагаа явуулах гээд төлөвлөж байна. Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Арьсан эдлэл хийх санал,
санаачлагаа хаанаас авсан бэ?
-Манайх ерөнхийдөө гэр бүлээрээ энэ төрлийн бизнес хийдэг. Би дээрээ таван ах, нэг эгчтэй. Хамгийн анх манай хамгийн том ах арьсаар хэрэглээний жижиг эдлэл хийж эхэлсэн. 10 жилд байхдаа л ахдаа тусалж хичээлийн хэрэглэл, бас бус жижиг хэрэглэл хийсээр сүүлдээ сонирхолтой болсон. Энэ чиглэлээрээ дараа нь сураад мэргэжилтэй болж авсан. Тэгээд л энд ажиллаад байж байна даа.
-Зах зээлд хэдэн нэр төрлийн
бүтээгдэхүүнийг гаргаж байна вэ?
-Хүний өргөн хэрэглээнд юу байна, тэр бүгдийг хийх юм. Тухайлбал, цүнх, түрийвч, тэлээ, тэгээд гутал ордог. Энэ ондоо багтааж гутал хийх төлөвлөгөөтэй байна. Манай том зорилго юмдаа.
-Бүтээгдэхүүнийхээ түүхий эд,
материалыг хаанаас авч байна вэ?
-Архангайд материалын олдоц муу. Харин Улаанбаатарт олдоц сайтай. Манайх материалаа бүгдийг хотоос татдаг. Экспортын бүтээгдэхүүн хийхийн тулд мэдээж чанартай түүхий эд, материал сонгох шаардлагатай байдаг. Чанартай бараатай нь манай Дархан нэхий, Их эргэлт зэрэг компаниуд байна. Арьс элддэг компаниуд бий л дээ. Тэгэхдээ чанарын шаардлага хангахгүй учраас заримдаа импортын материал худалдаж авдаг.
-Хэрэглэгчдэд хамгийн чухал нь
чанар, гадаад үзэмж шүү дээ. Тэгэхээр чиний хэрэглэгчдэд амлаж чадах зүйл юу вэ?
-Хэрэглэгчдэд манайх чанарыг л амлаж чадна. Дараа нь орчин загварын чиг хандлагын дагуу шинэ загвар, шийдлүүдийг амлаж байна.
-Цүнх гэхэд л хэдэн нэр төрлийн,
ямар үнэ ханштай байгаа вэ?
-Манайх бол загвар тал дээр баригдах зүйлгүй. “Би ийм юм хэрэглэдэг, надад ийм зүйл хэрэгтэй” гэвэл захиалагчийн хүссэнээр загвараа гаргаад хийгээд өгдөг. Ерөнхийдөө массаар гардаг цүнх гэвэл арван загвар байна, тэлээний гурван загвар байна. Мөн бууны сав, хутганы хуй зэрэг ангын хэрэгсэл хийдэг. Ер нь бол хэрэглээний бүхий л зүйлийг хийнэ дээ. Бидэнд чадахгүй зүйл байхгүй. Захиалагчийн хүссэнээр таны өнгө, загвар, чанарыг гаргаж хийнэ.
-Хэдэн хүн ажиллаж байна. Ажлын
байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодолтой байгаа вэ?
-Манайд одоо дөрвөн хүн ажиллаж байна. Нэг ажилтан маань суурин ажиллана. Нөгөө хоёр ажилтан маань өөрсдийнхөө ажлын хажуугаар сонирхлоороо ажилладаг. Цаашид манай үйлдвэр илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Илүү олон баялаг бүтээгчдийг бий болгоно гэж бодож байгаа. Миний Архангайд ирсэн анхны зорилго маань Архангайг үйлдвэрлэгч аймаг болгох зорилго байсан. Манай салбарын хүний нөөцийн асуудал их хүнд. Энэ жилийн төлөвлөгөөнд орсон нэг зүйл бол Архангайн “Булган” МСҮТ-д арьсан эдлэлийн анги нээж, хүүхдүүдийг сургаж авах, Улаанбаатар хот руу ижил төстэй үйлдвэрүүдэд ажилд зуучлах, холбоо байгуулах, энд сургаснаараа сэдэлжүүлээд баялаг бүтээгч замд нь хөтлөх, өөрсөддөө ажлын байр бий болгох зорилготой ажиллаж байна. Манай алсын хараа бол алсдаа маш том үйлдвэр болох бус Архангайг яаж үйлдвэрлэгч болгох вэ гээг талаас нь л ажиллана даа.
-Ямар нэг зээлд хамрагдаж байв уу?
-Орон нутгийн дэмжлэг их бий. Боломж ч их байдаг. Банкны шалгуур л их өндөр. Би зээл авлаа гэхэд надаас барьцаа хөрөнгө шаарддаг. Над шиг залуу бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгө гэдэг маш том асуудал. Байр, байшин гээд үл хөдлөх хөрөнгө шаардаад байдаг. Тэр нь байхгүй учраас хасагдчихдаг. Хүмүүсийн хэлдгээр “Бор зүрхээрээ” л бизнесээ босгох санаатай явж байна даа.
-Борлуулалт, зах зээл нь ямар байна
вэ? Худалдааны цэгтэй юу?
-Харин хэрэглэгч рүүгээ ойртсон
цэгтэй болмоор байна. Удахгүй “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төв ашиглалтад
орно гэсэн. Энэ худалдааны төв л манай хамгийн том объект болох байх. Маш их
таатай байгаа. Бид хүлээж байна. Мөн Улаанбаатар хот руу ах нарын салбар
дэлгүүрүүд бий. Энэ дэлгүүрүүд рүү түгээнэ гэж бодож байгаа. Одоогийн байдлаар
ажиллах хүч цөөн, зарим нэг тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Энэ бүхэн
маань болоод жигдрээд эхлэхийн цагт Улаанбаатар руу бараагаа явуулна. Цаашдаа
гадаад руу експортод гаргах чин хүсэлтэй дээ. Монголын нэг брэнд болгоно оо.