АШУҮИС-ийг төгссөн гадаад оюутнуудыг олон улсад эмчээр хүлээн зөвшөөрнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛАШУҮИС болон Зүүн Канадын олон улсын компани “Олон улсын анагаах ухааны бакалаврын хөтөлбөр” хамтран хэрэгжүүлэхээр өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү үй ажиллагааг Канад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон Монгол Улсын БСШУЯ зэрэг байгууллага дэмжин ажиллажээ.
Тус сургууль 2016-2017 оны хичээлийн жилд гадны 10 гаруй улсаас 50-100 оюутан элсүүлэн сургах юм. Сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр тус сургуулийн багш нар англи хэлээр явуулах аж.
Хөтөлбөрийн үр дүнд тус сургуулийн нэр хүнд өсч, төгсөгчдийн хөрвөх чадвар дээшлэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх зэрэг эерэг үр дүн гарна хэмээн багш нар хэлж байна.
АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Г.Батбаатар хэлэхдээ, “Энэ гэрээ амжилттай хэрэгжсэнээр бид дэлхийд танигдах үүд хаалгаа нээж байна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сүүлийн хоёр жилд оюутнуудын амьдрах, суралцах орчин гээд бэлтгэл ажлыг сайн хийсэн. Багш нарын 40 хувь нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад докторын зэрэг хамгаалсан учир хэлний хувьд асуудалгүй. Мөн манай сургуульд анагаах болон био анагаахын чиглэлээр зөвхөн англи хэлээр хөтөлбөр хэрэгждэг учир туршлага бий. Оюутны 3 дугаар байраа өнгөрсөн жил гадаад оюутны байр болгон тохижууллаа. Тиймээс оюутнууд сайхан орчинд амьдрах болно. Оюутнууд Монголд таван жил сураад, сүүлийн жил нь өөрийн улс орондоо очиж нэг жилийн дадлага хийн, олон улсын лицензийн шалгалтад орно. Хамгийн гол нь 5-6 жилийн дараа манайд суралцсан оюутнууд лицензийн шалгалтаа амжилттай өгвөл хамтын ажиллагааны үр дүн гарах болно” гэв.
Эл хөтөлбөрт хамарсан гадаадын оюутнууд төгсөөд АНУ, Англи зэрэг олон улсад эмчээр ажиллах боломжтой болох юм байна.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр