“Зика” вирусийн нянг гурван төрлийн шумуул тээдэг байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-10 10:25:38

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. “Зика” вирусийн нянг дор хаяж гурван төрлийн шумуул тээдэг байж магадгүй болохыг Бразилын эрдэмтдийн явуулсан судалгаа харуулжээ. Эрдэмтдийн судалгааны ажлын түр зуурын үр дүнг “У-о-эли” цахим хуудсанд нийтэлсэн байна.

“Зика” вирусийн нянг ганцхан “Aedes aegypti” шумуул тээдэг гэж урьд нь үзэж байсан боловч Рио-де-Жанейро болон Пернамбуку хотод судалгаа хийсэн бие биедээ огт хамааралгүй судалгааны хоёр баг аюултай вирус “Culex” болон “Aedes albopictus” төрлийн шумууланд хазуулахад халдварладаг байж болзошгүйг үгүйсгэхгүй байна. “Зика” вирус нь эдгээр шумуулын биед халдвартай цусаар хооллосны дараа хадгалагддаг болохыг эрдэмтэд нотолжээ. Одоо судлаачид “Culex” болон “Aedes albopictus” шумуул нь аюултай вирусийг хүнд халдаадаг эсэхийг нарийвчлан тогтоохыг оролдож байгаа аж.

Хэрэв хэд хэдэн төрлийн шумуул вирусийн нянг үнэхээр тээдэг байж магадгүй бол уг вирусээр үүсгэгдсэн өвчний халдвар шинэ газар нутагт тархаж болзошгүй гэдэгтэй судлаачид санал нэг байна. Үүнээс гадна, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чен мягмар гарагт онцлон тэмдэглэхдээ, ирж буй мэдээллээс үзвэл, вирус зөвхөн шумуулаар төдийгүй бэлгийн замаар дамжин халдварладаг байж болзошгүй гэсэн билээ.

Д.Жаргал

 

 

相关新闻