12-оос дээш жил болсон тээврийн хэрэгслийг нийтийн тээвэрт ашиглахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Авто тээврийн
үндэсний төвийн холбогдох улсын байцаагч нарын актаар авто тээврийн хэрэгслийн
хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа, үйлдвэрээс
гарснаас хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслүүдийг ирэх
зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд
ашиглахыг хориглолоо.
Тус актаар
дээр дурдсан шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслүүд Монгол Улсын авто замын
Цагааннуур шалган нэвтрүүлэх боомт болон Даянгийн боомтоор зорчигч
тээврийн зориулалтаар нэвтрэх боломжгүй болж байгаа ажээ.
Мөн
500 км-ээс дээш зайд ээлжийн жолоочгүй, техникийн хяналтын үзлэг,
тооллогод ороогүй тээврийн хэрэгслээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ
эрхлэх, илүү ачаа, зорчигч тээвэрлэхийг энэ сарын 1-ний өдрөөс,
мэргэшсэн жолоочийн эрхийн үнэмлэхгүйгээр нийтийн зорчигч
тээврийн үйлчилгээ эрхлэхийг ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс тус
тус хориглосон байна.
Дээрх шийдвэрийг
хэрэгжүүлээгүй болон улсын стандартаар тогтоосон шаардлагыг хангаагүй тээврийн
хэрэгслүүдийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашигласнаас үүдэн хүний амь
нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд болон шууд бусаар хор хохирол
учирсан тохиолдолд түүний хариуцлагыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж,
байгууллага бүрэн хариуцна гэдгийг тэрээр анхааруулаад байна.