Өнгөрсөн онд оффшор бүсээс 4.3 сая ам.доллар оруулж иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Оффшор бүсээс өнгөрсөн онд 4.3 сая ам.доллар Монгол Улсад орж ирсэн тухай АТГ сар бүрийн 25-нд зохион байгуулдаг, ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдээлэв.
Мөн энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар, өнгөрсөн онд тус газраас авч, хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааг танилцуулж, олны анхааралд байгаа зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, "Оффшор бүстэй холбоотой дөрвөн дугаартай хавтаст хэргийг мөрдөн шалгах явцад, оффшор бүсэд 85 сая ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74 сая ам.долларыг тодорхой хэлбэрээр Монгол Улсад оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд оруулж ирсэн байгаа. Өнгөрсөн онд иргэд, байгууллагаас 1887 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 858 нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, өргөдөл, гомдол, мэдээлэл 563 нэгжээр буюу 42.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 200 нэгжээр буюу 30.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна" гэлээ.
Мөн АТГ олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Азербайжан Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Авлигын эсрэг хороо болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлсэн талаар дурдав. Түүнчлэн Индонези улсын Бали хотноо зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний Удирдах зөвлөлийн уулзалт, Бүгд хуралд оролцож, Монгол Улс тус сүлжээний удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2019 онд тус сүлжээний Бүгд хурал болон Удирдах зөвлөлийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, олон улсын үйл ажиллагаануудад тус сүлжээний даргалагч улсын хувиар оролцох эрхтэй болсон талаар мэдээллээ.
Мэдээллийн төгсгөлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Оффшор бүсээс мөнгө оруулсан талаар нэмж тодруулна уу?
Оффшор бүсэд данстай, дөрвөн дугаартай хэргийг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран шалгаж байна. Монгол Улсад тодорхой байдлаар мөнгөө оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдсон.
Ч.Давааням, С.Баярцогт, “Голомт”-ын Д.Баясгалан нарыг шалгах ажиллагаа ямар шатандаа байгаа вэ?
-Ч.Давааням, Д.Баясгалан нарыг цагдан хорьсон. Оффшорын хэрэгтэй холбоотой 20 орчим сая ам.доллар Монголын нэлээд том аж ахуй нэгжийн дансаар орж ирсэн. Орж ирсэн мөнгийг бүтээн байгуулалт уу, эсвэл мөнгө угаасан уу гэдгийг шалгалтын явцад тогтооно. Үүний цаана ямар албан тушаалтан оролцсоныг прокурор шүүхийн хяналт дор мөрдөн шалгасан. Цаашдаа ч энэ ажиллагаа үргэлжлэх болно.
-С.Баярцогтыг шалгах явцад шинэ баримт илэрсэн талаар?
Ерөнхий сайд асан С.Баярын хэрэгтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогтыг шалгаж байна. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө энэ гэрээ хэрэгжиж, хувьцаа өссөн. Энэ үед С.Баярцогт хувьцаагаа бусдад арилжиж өөрт давуу байдал бий болгосон. Түүнийг шүүхийн тогтоолоор цагдан хорьж байгаа.
-УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шалгаж эхэлсэн үү?
ЖДҮХС-тай холбоотой асуудал нэлээдгүй үүссэн. Мөрдөн байцаалтын хэрэг үүсгээд шалгаж байна. ЖДҮХС-д нийт 1131 төсөл ирсэн. Нийтээ 174 төсөлд 216 хуулийн этгээдэд санхүүжилт олгоход 99.5 тэрбум төгрөг олгосон гэсэн асуудлыг шалгаж байгаа. ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг би урьд нь хэлсэн. Зээл авсан ААН, иргэн бүрийг гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгож болохгүй.