Цэрэг эмнэлэгт хүрэх замдаа нас барсан гэж мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-25 18:40:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэрэгт нэн шаардлагатай байсан анхны тусламжийг оройтуулсан алба хаагчдад хариуцлага тооцно хэмээн Бригадын генерал Б.Амгаланбаатар  өнөөдөр ЗХЖШ-аас мэдээлэл өгөх үеэр мэдэгдлээ.

Тэрбээр, "Энэ сарын 22-нд 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан. Тухайн цэргийн салааны байранд ахлагч нар үзлэг хийх үед цэргийн байр эмх цэгцгүй, гар утас нуусан байжээ. Салбарын ахлагч цэргүүдийг шийтгэж, бэлтгэлийн талбайд гаргаад гүйлгэжээ. Талийгаач дотор нь муухайрч, гүйж чадахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс байлдагчийг салбарын байранд буцаах тушаал өгсөн байна. Салбарын байранд ороход байлдагчийн бие дахин муудахад, түүнийг оронд нь хэвтүүлж гар, хөл, биенд нь иллэг хийж, анхан шатны тусламж үзүүлэхийг оролдсон. Эмч ирээд, түүнийг эмнэлэг рүү авч явсан. Гэвч эмнэлэг явах замдаа нас барсан байна. Ингээд цагдаагийн хэсэгт мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийсэн” хэмээв.

Тус цэргийн ангид сүүлийн хоёр өдөр ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр, салбарын захирагч нь цэргийн сахилга шийтгэлийн дүрмийг  зөрчсөн, эмнэлгийн анхан шатны тусламжийг оройтуулсан зэрэг зөрчил дутагдал илрүүлжээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулав.

-Зүгээр гүйж байгаад л нас барсан гэж үзэж байна уу?

-Талийгаачийн биед ил шарх байхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул зодсон гэж хэлэхэд хэцүү байна. Жагсаалаас гүйж чадахгүй гээд гарахад ахлагч нь цохисон юм билээ. Эмнэлгийн бүртгэлд энэ сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл бий. Тэмдэглэлд шарх сорви, гэмтэлгүй гэсэн байна. Харин цохисон нь үхэлд хүргэсэн эсэхийг шүүхийн шинжилгээний байгууллага тогтооно. Хамт гүйж байсан цэргүүд ахлагч нь цохисон гэдгийг нотолж байгаа. Гар утсаар ээжтэйгээ ярьсан асуудлыг би мэдэхгүй юм. Олдсон гар утас талийгаачийнх биш байсан.

-Талийгаач цэргийн албанд байхдаа эмнэлэгт хэвтсэн талаар мэдээлэл байна?

алийгаачид үлд гараад эмнэлэгт хэвтсэн эмчийн тэмдэглэл бий.

-Тухайн үед ангийн удирдлагууд байсан уу?

-Ангийн удирдлагууд байсан. Харин захирагчийнх нь аав цус харваад Улаанбаатар хот руу явсан байсан.

- Талийгаачийн салбарын байранд орж ирэх үеийнх нь бичлэгийн талаар юу хэлэх вэ?

-Гүйж байгаад байрандаа орж ирсэн ч өлгүүртээ хүрч чадахгүй, ахлагч нь оронд нь хэвтүүлж буй бичлэг байгаа. Цагдаагийн байгууллага хурааж авсан.  

- Өмнө нь тус ангид алба хааж байсан цэрэг хөлийн хуруугаа тайруулж байсан гэсэн?

- 2017 онд ийм хэрэг гарсан. Ангийн удирдлагуудыг тухайн үед бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон. Цэрэгтэй зүй бус харьцсан алба хаагч шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээсэн.

- Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

- Ар гэрийнхэнтэй нь уулзсан. Оршуулгын комиссыг томилон ажиллуулж байна.

相关新闻