НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдийг дампуурахад хүргэж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-03-15 14:59:43

Салбар, салбарын жижиг бизнес эрхлэгчид, холбоодоос ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.  

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн талаар Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо /МХХЭНХ/, "Нарантуул трейд" компанийн түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, "Да хүрээ трейд" ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе, бар, рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг байгууллагаас нийт 1500 орчим бизнес эрхлэгчээс МАН-ын бүлэгт хүсэлт гомдол ирүүлсэн аж. Энэ дагуу өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг нь жижиг бизнэс эрхлэгчид, найман нэрийн дэлгүүр, түц, лангуу ажиллуулдаг иргэдээс өөрсдөөс нь сонсохоор болсныг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд онцлов. Мөн өнөөдрийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин болон МАН-ын Ажлын албаны төлөөлөл оролцож байгааг танилцууллаа.  

УИХ-аас 2015 оны долдугаар сарын 9-нд  баталсан НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын буцаан олголт болон үндэсний сугалааны эрх бүхий төлбөрийн баримт хэвлэж өгч байгаа юм. Гэвч энэ нь жижиг бизнес эрхлэгчдэд маш их дарамт болж, дампуурлаа зарлахад хүргээд байгааг өнөөдрийн уулзалтад оролцогчид хэлж байв. Тухайлбал МХХЭНХ-ны тэргүүн н.Мөнхбат “Бид НӨАТ төлөхгүй гэхгүй. Гэхдээ дарамтгүй төлмөөр байна. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа хууль ямар ч эдийн засгийн тооцоо байхгүй, жижиг бизнес эрхлэгчдээ дампуурахад хүргэсэн, Монголын эдийн засагтаа нийцээгүй хууль болсон. Гадаадын хуулийг шууд хуулбарласан гэж болохоор байна. Нийт 30 мянган аж ахуйн нэгжийг 1 сая орчим төгрөгийн кассын машин ав, 200-800 мянган төгрөгийн програм суулга, сар бүр үүнийгээ мөнгө төлж сайжруулж бай гэж шаардаж байна. Энэ бүхнээс 30-40 тэрбум төгрөг кассын машин зарж байгаа хэдхэн компанид орж байна. Тэгэхээр хэсэгхэн бүлгийг дэмжихийн төлөө олон мянган жижиг бизнес эрхлэгчдийг шахаж, дампууруулж байна. Нэг дэлгүүр дампуурахад цаана дагаад ажлын байр алга болно. Тиймээс энэ хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, засч залруулахыг шаардаж байна” гэв.

НӨАТ-ын хууль ноос, ноолуурын салбарт бас сөргөөр нөлөөлж байгааг энэ үеэр хөндөж байв. Тухайлбал Монголын ноос ноолуурын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Эрдэнэтуяа “НӨАТ-ын тухай хуульд угаасан болон самнасан ноолуурыг НӨАТ-тай болгосноор улсад орж ирэх байсан олон тэрбум доллар алдагдаж байна. Тиймээс “самнасан” гэдэг үгийг энэ заалтаас авч, НӨАТ-аас чөлөөлж өгөх шаардлагатай байна. Өнгөрсөн жил малчдаас 7200 тн ноолуур гарч байсан бол энэ жил ямааны тоо толгой өссөнөөс шалтгаалан 8200 тн гарах төлөвтэй байна. Энэ ноолуурын дийлэнхийг нь угаагаад экспортолдгийн 80 хувь нь БНХАУ руу гардаг. Нийт угаасан ноолуурын экспортоос 73 сая орчим ам.доллар Монголд орж ирнэ. Харин самнасан ноолуурыг татваргүй болгоод, экспортод гаргавал 250-260 сая ам.доллар орж ирэх юм” гэв. Үүнээс гадна зөвхөн самнасан, угаасан ноолуур биш эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгож экспортлоход анхаарч, дэмжиж ажиллах шаардлагатай байна гэлээ. Энэ хуульд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих агуулга байгаа ч өөр бусад заалтаараа үүнийгээ үгүйсгэж байгааг тодотгож байв.  

НӨАТ-ын босгыг 50 сая болгосноор 50 сая төгрөгөөс дээш борлуулалт хийсэн малчин, малчны хоршоо, брокерийн пүүс НӨАТ төлөгч болсон аж. Мөн үйлдвэрлэгчид үйл ажиллагааныхаа зардалд НӨАТ төлөгч болж байгаа юм байна. Үүний үр дагаварт гүн боловсруулалт хийснийхээ төлөө 40-50 тэрбум төгрөгийн алдагдалд орох болсныг мөн тус салбарынхан онцолж байв.

Мөн үүнээс гадна жижиг бизнес эрхлэгч, дэлгүүрүүдийг байршлын бүсээр нь зэрэглэл тогтоож, жишиг татвартай болгох, НӨАТ-ын хууль хэрэгтэй ч улс орныхоо онцлогт тааруулсан зохицуулалт хийх, жижиг бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дарамтлах бус дэмжих зэрэг олон саналыг өнөөдрийн уулзалтад ирсэн бизнес эрхлэгчид хэлсэн юм. 

Харин МАН-ын зүгээс хямралтай үед ард иргэдийнхээ амжиргааг аль болох дээшлүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого барихыг зөвлөж байсан ч харамсалтай нь өнгөрсөн хугацаанд олон татвар шинээр нэмэгдэж, хүү торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн гэдгийг С.Бямбацогт гишүүн хэлж байв. Тиймээс татварын хүндрэл жижиг бизнес эрхлэгчдэд хэрхэн хүрч байгаа талаар сонсч, саналыг нь аван, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлно гэлээ. Шаардлага гарвал НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл ч боловсруулж болно гэдгийг хэлэлцүүлгийн төлөөлөгчдөд хэлсэн юм.

Н.Гантуяа 

Гэрэл зургийг Б.Чадраабал 

相关新闻