Дэлхийн сонгодог зохиолуудыг эх хэлээрээ унших боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛОрчуулагч Ц.Гомбосүрэнгийн орчуулсан дэлхийн сонгодог уран зохиол болох Ф.М.Достоевскийн “Хөвүүн заяа”, Юрий Трифоновын “Үйлтэй байшин” номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Азхур” номын их дэлгүүрт боллоо.
Тус номыг “Азхур” ХХК-ийн дэргэдэх Болорсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
Орчуулагч Ц.Гомбосүрэн нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажиллаж, Монгол төрийн “Алтан гэрэгэ”-г түшилцэж явсан бөгөөд дэлхийн сонгодог бүтээлүүдийг уншигчдад хүргэх томоохон үүрэг хүлээсэн нэгэн. Түүний орчуулсан уран зохиолын ном өнөөдөр бестселлер болж байхад уншигчид маргааш нь түүнээс дахин шинэ бүтээл “нэхэж” байдаг юм.
Орчуулагч хэлэхдээ, “Хөвүүн заяа” номын тухайд Аркадий бол хамжлагын албат хүний хууль ёсны гэр бүлийн хүүхэд, гэхдээ цусан эцэг нь хамжлагын эзэн өөрөө. Энэ хууль бус эцэг нь түүнийг хар нялхаас нь бусдын гарт өгсөн учраас эцэг эхийн элбэрэл хайрыг үзээгүй, харц гаралтайдаа шаналж өссөн нэгэн. Гэхдээ зохих шатны сургуулиар дамжсаар гимнази төгссөн, толгойд нь хорвоог яаж барах тухайд нэгэн “санаа” төрсөн нэгэн. Тэр “санаагаа” хэрэгжүүлэх гэж зүтгэх явцдаа, алаг хорвоогийн эрээн барааныг ердөө ойр тойрныхныхоо амьдрал ахуйгаас ухаарч, шунал тачаалын төөрөгдөл юүгээн орхихоор шийдэн, зөв оршихуйн зам мөрийн улбааг олсон нэгэн.
“Үйлтэй байшин” номын зохиолч Ю. В. Трифонов нь 26-тайдаа Зөвлөлт Холбоот Улсын төрийн шагнал хүртсэн боловч уран бүтээлчийн сайн муу хэл ам дагуулдаг дардан бус замыг туулж, улсдаа төдийгүй дэлхийд алдаршжээ. Гадаадын олон хэлэнд зохиол нь орчуулагдсан үзүүлэлтээрээ тэрбээр өнгөрсөн зууны зөвлөлт-оросын зохиолчдоос Борис Пастернак, Михаил Шолохов, Михаил Булгаков, Юлиан Семёнов нарын дараа айргийн тавд багтдаг байна. Утга зохиол судлагчдын хүрээнд түүнийг “шинэ үеийн Достоевский” гэж тодорхойлдог. Роман зэрэг том хэмжээний бүтээл цөөнгүй туувисан боловч өөрөө “хотын амьдралын” тухай цуврал туужуудаа илүүд үздэг байжээ. Тэдгээр туужаас нь хамгийн алдартай нь болох “Үйлтэй байшин”, “Солио холио”, “Ондоо амьдрал” зэрэг нь энэ ботийг бүтээжээ. Энэ нь түүний монгол хэлээр гарч буй анхны ном аж.
Номын нээлтэд орчуулагч Ц.Гомбосүрэн, “Үйлтэй байшин” номын редактор С.Баяр, “Хөвүүн заяа” номын редактор Д.Баясгалан болон номд дуртай хүүхэд, залуус оролцов.
Ж.Болор