Сэргээгдэх эрчим хүчийг зөв ашиглавал олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-17 11:52:01

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө зөв ашиглаж чадвал бүс нутгийн зах зээлд нөлөө бүхий орон болох боломжтойг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт өнөөдөр болсон “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын семинарын үеэр онцлов.

ГХЯ-наас зохион байгуулж буй уг семинарт Монгол, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ОХУ болон Япон орны төлөөлөгчид оролцож, бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ, хангамж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улс Зүүн Хойд Азид тулгамдаж байгаа аюулгүй байдлын асуудлыг эв зүйгээр зохицуулах Олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийг санаачилсан билээ. Уг санаачилгын хүрээнд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээлтийн үеэр мэдээлэв.

Зүүн хойд Азийн эрчим хүчний хэрэглээ 2040 он гэхэд 2 дахин нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын байгууллагууд тооцоолжээ. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний 15 мянган тераваттын нөөцтэй бөгөөд үүнийг зөв ашиглаж чадвал олон улсын зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой юм. Гэвч Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбар төдийлөн хөгжөөгүйн улмаас нийт хэрэглээнийхээ 20 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгааг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, “Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд бүс нутгийн эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон ажиллах чиглэлд анхаарч байна. УИХ “2030 он хүртэл төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого”-ыг баталсан. Уг баримт бичигт бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг үндсэн зорилтуудын нэгээр тодорхойлсон.

Тус бүсийн орнууд хил дамнасан цахилгаан дамжуулах шугам, дамжуулах хоолой, нүүрсний худалдаа зэрэг дэд бүтцийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь эрчим хүчний нөөцгүй орнуудын хэрэглээг хангахад чухал нөлөөтэй юм. Тиймээс Монгол Улс “Азийн супер сүлжээ” болон “Гобитек” санаачилга дэвшүүлж, судалгааны ажил эхлүүлээд байна” хэмээв.

Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) –ийн Хамтын ажиллагааны даргын үүрэг гүйцэтгэгч Гурбуз Гонул, “Хил дамнасан цахилгаан дамжуулах шугам байгуулахад Монгол Улсын санаачилга өндөр ач холбогдолтой. Монгол Улсын говийн бүсэд нар, салхины сэргээгдэх эрчим хүчний нөөц бий. Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд нөөц ихтэй орнууд болон хил дамнасан шугам сүлжээ байгуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Ингэснээр ирээдүйд үүсч болох эрчим хүчний хомсдлоос урьдчилан сэргийлж чадна” хэмээв.

Монгол Улсын эрчим хүчний импортын хэрэглээний 60 орчим хувийг Оюутолгой төслийн хэрэглээг хангахад, үлдсэнийг нь алслагдсан сумд болон хилийн заставуудыг хангахад ашигладаг аж. БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын зээлээр Эгийн голын усан цахилгаан станцыг барих бөгөөд ингэснээр дотоодын хэрэглээгээ бүрэн хангах боломж бүрдэх юм. Харин говийн бүсийн нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг зөв ашиглаж, бүс нутгийн орнуудад импортлох чиглэлд түлхүү анхааран ажиллах болно гэдгийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт мэдээллээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻