ОХУ-ын их, дээд сургуульд суралцагсад 376 тэтгэлэгт хөтөлбөрт хамарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-03-17 14:49:28

Өнөөдөр "Монгол ньюс" компанийн Мэдээллийн төвд ОХУ-аас Монгол Улсд суугаа ЭСЯ, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв/ОШУСТ/-өөс энэ сарын 17-19-ний өдөр "Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2016"-г зохион байгуулж байгаа талаар мэдээллээ.

Уг үзэсгэлэнгийн үеэр дээд боловсрол эзэмших Монголын оюутан залуучуудад сонгосон мэргэжлээрээ их, дээд сургуульд суралцаж боловсрол эзэмших хөтөлбөрүүдийг санал болгоно.

Үзэсгэлэнд Москва, Санкт-Петербург, Томск, Иркутск, Белгород, Кемерово, Якутск, Красноярск, Буриад улсын их дээд сургуулиуд оролцож байгаа юм.

Энэ онд ОХУ нь Монгол Улсад дээд боловсролын бүхий л чиглэлийн сургалтын хөтөлбөрт хамрах 376 тэтгэлгийн хуваарь олгоод байна. Тус улсад дээд боловсрол эзэмших хүсэлтэй иргэдийн бүртгэл ОШУСТ өнөөдөр эхэлж байгаа бөгөөд http://mng.rs.gov.ru/, http:// минобрнауки.рф/, http://rs.gov.ru/, http://obrnadzor.gov.ru/ хаягаар бүртгүүлэх буюу үзэсгэлэнгийн үеэр бүртгүүлэх боломжтой. Тэтгэлгийн сонгон шалгарулалт ил тод нээлттэй, шударга зарчмаар болж, хамгийн шилдгүүд нь уг суралцах эрхийг хүртэх юм.

Харин төлбөртэй суралцах хүсэлтэй ЕБС-ийн төгсөгчид болон дотоодын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжааны оюутнуудад чанартай дээд боловсрол эзэмших бүхий л мэргэжил, мэргэшлүүдийг уг үзэсгэлэнгийн үеэр санал болгож байна.

ОХУ-ын их, дээд сургуулиудын төлөөлөгчид өөрсдөө ирсэн учраас тодорхой мэдээлэл авах боломжтой.

Дашрамд сонирхуулахад, 1920-иод оноос өнөөг хүртэл Монголын 60 мянга гаруй хүн ЗХУ болон ОХУ-д их дээд, дунд боловсрол эзэмшээд байгаа юм.

Э.Бат-Уянга

相关新闻