Монгол, Унгар улсын хяналтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны урилгаар МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж тус улсын төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Река Домонкош-Дьюгэтэй уулзжээ.
МХЕГ, Унгар улсын хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан харилцаагаа хөгжлийн шинэ шатанд гаргах, хоёр талын хооронд байгуулсан санамж бичгийг шинэчлэн хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцсон байна. МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж энэ үеэр “Унгар, Монгол өнө эртний найрсаг харилцаатай улс. Өнөөдөр хоёр орны хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, илүү нягт уялдаа, харилцаатай хөгжих ёстой гэж бодож байна. 2008 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр орны хяналтын байгууллагууд маань хамтран ажиллаж ирсэн. Энэхүү санамж бичгийг шинэчлэн, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд, хөгжлийн шинэ шатанд гарган ажиллахыг хүсч байна” гэжээ.
БНУнгар Улсын ЭСЯ-ны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Река Домонкош-Дьюгэ “Монгол, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа. 2015 онд БНУнгар Улс Монгол Улсад суух Элчин сайдын яамаа дахин нээн ажиллуулсан. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд гаргахад МХЕГ-ын оролцоо чухал. Бидний хувьд хоёр орны хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ажилд дэмжиж туслахдаа таатай байх болно” гэдгийг онцолсон байна.
Н.Туяа