Манай хоккейчид 4 дэх хүрэл медалиа хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭАрабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулсан шайбтай хоккейн “Asian challenge cup-2016” тэмцээнээс манай хоккейчид дахин хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын хоккейн шигшээ баг өнгөрсөн шөнө хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж, 7:3 онооны харьцаагаар хожин медалийн тавцанд зогслоо. Манай хоккейчид “Asian challenge cuр” тэмцээнээс ийнхүү сүүлийн дөрвөн жил дараалан хүрэл медаль хүртээд байна. Энэ удаагийн тэмцээний аваргаар Тайванийн баг шалгарсан бол АНЭУ мөнгөн медаль хүртлээ. Хоёр багийн хувьд адил гурван хожилтой байсан юм. Харин шийдвэрлэх тоглолтод Тайванийн хоккейчид зохион байгуулагчдыг 6:1-ээр буулган авч дөрвөн жил дараалан аваргын цомыг өргөлөө.
Тус тэмцээний дүнг танилцуулахад, Алтан медаль: Тайвань /4 хожил/, мөнгөн медаль: АНЭУ /3 хожил, 1 хожигдол/, хүрэл медаль: Монгол /2 хожил, 2 хожигдол/, IV байр: Тайланд /1 хожил, 3 хожигдол/, V байр: Сингапур /нэг ч хожил аваагүй/
Д.Өлзий