Найман төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр дэмжигдэн бодит хөрөнгө оруулалт авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Герман-Тайланд-Монгол гурван талт хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаа юм. Энэхүү төслийн зүгээс Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтран “Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сан”-г байгуулан 30000 евро буюу 88 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулжээ.
Энэхүү гэрээнд Сэлэнгэ аймгийн Засаг
дарга, ЭТИС хөтөлбөрийн захирал нар өнгөрсөн оны 10-р сарын 30-ны өдөр гарын
үсэг зурж байгуулсан байна. Гэрээний зорилго нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ, GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС)
хөтөлбөртэй
хамтран аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, бүлэг,
нөхөрлөл, ААН-д 10 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг олгох зорилготой гэнэ.
Ингээд энэхүү гэрээний хүрээнд байгуулсан сангаараа
дамжуулан 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 02 дугаар
сарын 28 хүртэлх
хугацаанд төслийн уралдаан зарлажээ. Зарласан хугацаанд эко ариун цэврийн
байгууламж барих, гүний худаг, гэрэлтүүлэг, морин аялал зэрэг 12 төсөл ирж танилцсанаас найм нь сонгон шалгаруулах зөвлөлөөр дэмжигдэн бодит хөрөнгө оруулалт авлаа.
Төслийн сонгон шалгаруулалтыг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрөөс гаргасан
журмын дагуу тусгай комисс
ажиллаж, энэ сарын 19-20-ны
хооронд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.
Шалгаруулалтад “Сансар Трейд” ХХК, “Нандин”
амралтын газар, “Сэлэнгэ үйлчилгээ” ХХК, “Хөвчит нум” нөхөрлөл, “Нисдэг Оточ” нөхөрлөл, “JM” амралт, сувиллын газар, “Сайхны Хөтөл”
амралтын газар, “Далхбүрэн-Уул” зэрэг найман
байгууллага шалгарчээ. Энэ үеэр төслийн уралдаанд оролцсон бүх оролцогчдод “Төсөл маркетинг зөв
бичиж, хэрэгжүүлэх” сэдэвт сургалтад суух 350.000 төгрөгийн эрхийн бичгээр урамшуулав.
Шалгарсан дээрх найман төсөл нь Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Баруунбүрэн, Мандал зэрэг сумын
жуулчны бааз, амралт, сувиллын газар, нөхөрлөлүүд
байгаа юм.