Гамшигт үзэгдлийн 90 гаруй хувийг гал түймэр эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ОБЕГ-аас зохион байгуулж буй “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд өнөөдөр болов.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Засгийн газрын яам, агентлагууд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын 800 гаруй төлөөлөгч хэлэлцүүлэгт оролцлоо.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хэлэхдээ, “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөлийг бүрдүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулахад миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагын удирдлагуудад 2017 оны 12 дугаар сард үүрэг, чиглэл өгсөн. Өнгөрсөн онд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Болзошгүй аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, учрах хохирлыг бууруулахад Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын үүрэг оролцоо, тэдгээрийн хамтын ажиллагаа онцгой чухал гэдгийг тэмдэглэн хэлье” хэмээв.
Хэлэлцүүлгийн үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяртай уулзаж, хаврын улирлын хуурайшлын талаар тодруулсан юм. Тэрбээр, "Гал түймрээс урьдчилан сэргийлэхэд, иргэн бүрийн оролцоо чухал" хэмээн онцлоод, энэхүү хэлэлцүүлэгт гарсан зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүнд уламжлахаа тэмдэглэсэн юм.
-Монгол Улсын хэмжээнд энэ жилийн хөрсний хуурайшлын
зэрэг ямар байна вэ?
-Цаг, уур орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас энэ хаврын улирал нэлээд урт бөгөөд хур тунадас бага, хоёрдугаар сараас хуурайшил эхэлнэ гэж дүгнэсэн байна. Хуурайшлын үед гал түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас холбогдох төрийн байгууллагатай хамтран гал түймрээс урьдчилан сэргийлэхээр аймаг, орон нутгийн онцгой байдлын хэлтэс, бусад холбогдох байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, нөөцийг бүрдүүлэх зэрэг ажлыг хийж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар, Сэлэнгэ, Булган, Төв , Архангай аймагт хөрсний хуурайшил эрчимтэй явагдаж эхэлсэн. Гэхдээ хоёр хоногийн өмнө орсон цас бага хэмжээний чийг өгсөн. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт хөрсний хуурайшил хамгийн их байна.
-Он гарсаар хэчнээн ой хээрийн түймэр ОБЕГ-т
бүртгэгдэв?
-Он гарсаар, 10 ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 26-нд Булган аймгийн Тэшиг суманд ой хээрийн түймэр гарсан. Онцгой байдлын алба хаагчид түймрийг бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймэр гараагүй байна.
-Иргэдэд түймрийн аюулаас хэрхэн сэргийлэх вэ?
-Ой, хээрийн түймрийн дийлэнх шалтгаан нь иргэдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс гарсан байдаг. Тиймээс хаврын хуурайшил нэмэгдэж байгаа энэ үед, иргэд наад захын галын аюулгүй байдлыг хангаж, татсан тамхи, асаасан шүдэнзээ бүрэн унтрааж байхыг зөвлөж байна.
Монгол Улсад өнгөрсөн арван таван жилийн хугацаанд жилд дунджаар 3520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амиа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан байна. Дээрх тохиолдлын 90 гаруй хувийг гал түймэр, амь насаа алдсан иргэдийн 33 хувийг гал түймэрт өртөж амь насаа алдагдагсад эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр гал түймрийн давтамж, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх болсныг мэргэжлийн байгууллагууд сануулах болсон.
ОХУ-ын Гал
эсэргүүцэх албанаас 2012-2016 онд хийсэн гал түймрийн судалгаагаар Монгол Улс
1000 хүнд ногдох гал түймрийн тоогоор 57 орноос 40-д, 100 мянган хүн тутамд нас
барсан хүний тоогоор 9-д, түлэгдэж бэртсэн хүний тоогоор 42 орноос 34-д жагсаж
байна.