Нээлттэй өдөрлөгөөр 64 иргэн шууд ажлын байртай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Түншлэл-2019" нээлттэй өдөрлөгөөр 64 иргэн шууд ажлын байртай боллоо.
Тус аймгийн ЗДТГ, Оюутолгой ХХК, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулсан уг өдөрлөгт Оюутолгой ХХК-ийн гэрээт 26 компани оролцож, 233 нээлттэй ажлын байранд 1020 иргэнийг бүртгэн 64 иргэнийг шууд ажлын байртай болгож батламж гардууллаа.
Иргэдийг ажилд авах ярилцлага үргэлжилж байгааг компаниудын удирдлагууд хэлж байна. Уг өдөрлөгийг зохион байгуулснаар орон нутгийнхаа иргэдийг уул уурхайд ажиллах боломжийг нээж өгөх, шууд ажлын байраар хангах, ажилгүйдлийг бууруулах бодит үр дүн гарч байгааг аймгийн удирдлагууд хэлж байна.
2016 онд Оюутолгой ХХК болон ханган нийлүүлэгч нийт компаниудад Өмнөговь аймгийн 1600 иргэн ажиллаж байсан бол 2019 онд энэ тоо 3231 болж өсчээ. Гэхдээ энэ нь нийт ажиллагсдын 20 хувь хэвээрээ байгаа талаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцолсон юм.
Тус аймагт ажилгүйдэл 7,3 хувьтай байгаа аж.