Жимс жимсгэнэ тариалах сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-21 17:01:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт газар тариалан эрхлэгчдэд зориулсан жимс жимсгэнэ тариалах сургалтыг зохион байгууллаа.

Тус аймгийн хэмжээнд 2019 оныг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил" болгон зарласан. Үүний хүрээнд малчид, иргэд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн ажлуудыг эрчимжүүлээд байна. Говь нутгийн хөрсөнд жимс жимсгэнийг хэрхэн сайн ургуулах талаар Өмнөговь аймгийн ХХААГ, ХААИС, Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран газар тариалан эрхлэгчдэд онол практик хосолсон сургалт хийлээ.

Энэхүү сургалтад Өмнөговь аймгийн 60 гаруй газар тариалан эрхлэгч хамрагдаж, говьд жимс жимсгэнийг тарьж ургуулах, арчилгаа хамгаалалтын талаар мэдээлэл мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, чацаргана, үхрийн нүдний суулгацыг тариалав.

Дашрамд сонирхуулахад, тус аймагт хүнсний ногооны хэрэглээг аймагтаа тариалдаг болохоор зорьж байгаа юм. Иймдээ ч сүүлийн жилүүдэд хүлэмжийн аж ахуйг бодлого болгон дэмжиж, өвлийн хүлэмжийг орон нутгийн хөрөнгөөр байгуулан тариалалт хийж эхний ургацаа хураагаад байгаа билээ.

相关新闻