Согтуугаар жолоо барих зөрчил архи зардаггүй өдөр багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-26 17:09:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 1118 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 837 зөрчлийг шалгажээ.


Нийт бүртгэсэн ослын улмаас нийслэлд 34 хүн бэртсэний 9 нь бага насны хүүхэд байв. Харин орон нутагт хоёр автомашин онхолдож хоёр хүний амь хохирчээ. Зам тээврийн ноцтой ослоос дурдвал, энэ сарын 22-ны 15 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Цайдмын хөндий” гэх газар цардмал замд "T.Pruis" маркийн автомашин онхолдож, 20 настай зорчигчийн амь хохирч, 2 хүн гэмтсэн байна. Мөн өчигдөр 15.40 минутын орчимд Хан-Уул дүүргийн нутаг, Дунд голын гудамж, 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд "T.Landcruiser-100" маркийн автомашин нь "T.Rumion" автомашинтай мөргөлдөж, хоёр хүнийг мөргөж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ.  Дээрх ослын хэргийг харьяа цагдаагийн хэлтэст шалгаж байна.


Замын цагдаа нар энэ долоо хоногт 123 согтуу жолооч илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд энэ сарын 24-26-нд архи согтууруулах ундаа борлуулах, үйлчлэхийг хориглосон. Үүний дүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил багассан байна. Мөн жолоо барих эрхгүй үедээ согтуугаар машин барьсан 36 жолоочийг шүүхээр 7-30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийдвэр гаргажээ.


Эдгээр өдөр гарсан замын ослыг өмнөх долоо хоногтой харьцуулбал, нийт дуудлага 3.4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 13 хувиар, гэмтсэн хүн 17 хувиар өссөн байх боловч нас барсан хүн 75 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 28 хувиар багассан байна.

相关新闻