Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүйн улмаас осол гарсан нь тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-27 12:41:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Шарын гол майнинг" алтны уурхайд  энэ сарын 23-ны өдрийн 23.00 цагийн үед осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болсон тухай өмнө мэдээлсэн. 

Тэгвэл энэхүү осол нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй, хөрсний чулуулаг хуулж байсан газарт том хэмжээний хагарал үүссэн хэсэгт ажиллаж байснаас осол гарсан нь тогтоогджээ. Энэхүү ослын улмаас Хово автомашины оператор 29 настай Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн, урд нь ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа ийн осолдож машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон аж.

Ослын газарт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 10 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас долоон алба хаагч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 10-11 метрийн гүнд 30 удаагийн шумбалт хийж, осолдсон автомашины байршлыг тогтоогоод байгаа ч ажилтны цогцсыг олоогүй байгаа аж.

 

相关新闻