Сэлэнгэ аймгийн бүх сум ХАБ-ын салбар зөвлөлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-27 22:41:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Төрийн ордонд энэ сарын 20-нд зохион байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-д Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа”-ны сэдвээр илтгэл мэдээлэл танилцуулсан байна.

Энэхүү илтгэл мэдээллийн хүрээнд оролцогчид Сэлэнгэ аймгийн туршлагыг сонсож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцан, харилцан туршлага судалжээ. 

Сэлэнгэ аймгийн онцлог нь бүх сумандаа ХАБ-ын салбар зөвлөлийг байгуулсан бөгөөд эдгээр зөвлөлүүдийнхээ ажлыг дүгнэж, урамшуулал олгодог байна. Мөн аймгийн салбар зөвлөлийн зүгээс ХАБ-ыг чадавхжуулах зорилгоор орон нутгийн хөрөнгөөр боломж нөхцөлөө дайчлан хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсээр иржээ. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа 10 жил салбарын даргаар ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. Иймээс тус чуулганд бусад аймагт туршлага болгох үүднээс ийн танилцуулга хийсэн байна.  

Чуулганд Сэлэнгэ аймгаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Мөнхжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Туул, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Мөнхдаваа, Д.Машбат, “Сэлэнгэ Энерго” ОНӨАТУҮГ-ын ХАБЭА-н инженер У.Цэцэгээ, Ш.Хишигсүрэн нарын хүмүүс оролцоод иржээ.

相关新闻