Засаг дарга сумын удирдлагуудад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Т.Гантулга Сүхбаатар сумын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэхүү мэдээллээ хичээлийн шинэ жил дуусч, төгсөгчдийн эрдмийн баяр, сургууль төгсөх, анги дэвших, элсэлтийн ерөнхий шалгалт болж буй үетэй холбогдуулан хийжээ.
Сумын тэргүүн мэдээлэлдээ, төгсөгчдийг шалгалтад сайн бэлтгүүлэх, аялал зугаалга аливаа баярыг тэмдэглэхэд эцэг эх, багш нарын хараа хяналтын дор байлгахыг анхаарууллаа. Мөн насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхчүүдийг татан оролцуулахыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн эдгээр хүмүүсийн үүрэг хариуцлагыг сайжруулахыг даалгасан захирамж гаргаснаа энэ үеэр танилцуулжээ. Мөн тэрээр сургууль, цэцэрлэгүүдийн энэ хичээлийн жилд хийх засвар үйлчилгээ, өргөтгөл,
шинээр барих цэцэрлэгүүдийн талаарх мэдээлэлийг өгч харилцан санал солилцсон байна.