“Алтанбулаг-290: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарийн ивээл дор “Алтанбулаг-290: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд болж байна. Тус хурал нь Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм.
Эрдэм шинжилгээний хуралд
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа
тэргүүтэй аймгийн удирдлагууд, ОХУ-ын Буриад Улсын төлөөлөл, БНХАУ-ын төлөөлөл болон
түүхийн ухааны доктор Да.Эрдэнэбат, эрдэмтэн Б.Батсүрэн, Г.Дашням, Ө.Бавуу,
Д.Бадарч, бусад зочид төлөөлөгчид оролцож байна. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга
Г.Бямбаагийн нээлтийн үеэр хэлсэн үгийг толилуулья:
-”Эрхэм хүндэт нөхөд өө! Эрхэмсэг зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид аа! Та бүхэнд Зуны тэргүүн сарын энэ сайхан өдрийн мэндийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэн мэндчилье ээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум нь Орос-Монгол улсыг төдийгүй Ази-Европыг холбох “Цайны зам”-ын үүд хаалга болж 290 жилийн тэртээ худалдаа наймааны гол цөм хот болон үүсэж хөгжсөн нь түүхийн алтан хуудсанд бичигдэн үлджээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс “Наймаачин хот -Алтанбулаг сум” үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойг энэ оны 7 дугаар сард тэмдэглэх зөвшөөрлийг 2018 оны 113-р тогтоолоор баталсан. Ой тэмдэглэх олон ажлын нэг томоохон нь өнөөдрийн Олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
Энэ хурлаар та бид Алтанбулаг сумын өнгөрсөн,
одоо, ирээдүйг шинжлэх ухаанчаар авч хэлэлцэн, эрдэмтэн мэргэд, судлаачдын өөр
өөрийн салбар чиглэлээр судлан дүгнэснийг нэг дор танин мэдэх ховор боломж
тохиож байгаад талархаж байна. Мөн эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн
эрдэмтэн судлаачиддаа алс холоос Сэлэнгэ сайхан нутгийг минь зорин ирсэнд
талархал дэвшүүлье. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үр шимээр Алтанбулаг
сумын нийгэм эдийн засгийн хийгээд аялал жуулчлалын цаашлаад гурван улсын
хамтын ажиллагаа бүх түвшинд дээшилнэ гэсэн өндөр хүлээлттэй байна.
Ингээд Эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье” гэлээ.
Тус эрдэм шинжилгээний хурал эрдэмтдийн илтгэлээр цааш үргэлжилж байна.







