Үйл ажиллагааны болон үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-29 20:33:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүд батлагдсан хуваарийн дагуу өнгөрсөн долоо хоногт сумдад ажиллалаа. Ажлын хэсгүүд Засгийн газар, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн болоод үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, удахгүй болох архивын улсын үзлэгт хэрхэн бэлтгэж байгаатай танилцах, мөн сумдын иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсож, зарим нэгэн асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг Баянгол, Хушаат, Зүүнбүрэн суманд ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга А.Эрдэнэгэрэл, ГХБХБГ-ын хэлтсийн дарга З.Мөнхсоёл, аймгийн ЗДТГ-ын ХАА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Бүрэнжаргал, аймгийн ХХҮХ-ийн дарга Д.Зоригтбаатар, аймгийн ЭМГ-ын удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Д.Бадмаа нар ажиллалаа.

Ажлын хэсгийн ахлагч Б.Нарантуяа сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, ЗДТГ зэрэг төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг нь сонсон, шийдвэрлэж, арга зүйн зөвлөгөө өгч байв. Мөн ажлын хэсгийнхэн орон нутгийн иргэдээс аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаа, сумын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагааг хэрхэн үнэлж байгаа судалгааг, санал бодол, шүүмжийн хамт авч, иргэдийн уулзалт дээр нэгтгэн танилцуулж байв.

Дээрх сумдын иргэд Засгийн газар болоод аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа судалгаагаар илэрхийлсэн байлаа. Иргэдээс ирсэн саналын дийлэнх нь ажлын байрыг нэмэгдүүлэх байсан бөгөөд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зарим төрийн байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, залуу боловсон хүчин ирж ажиллах бололцоо нөхцөлийг бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг улам хүртээмжтэй болгох, соёлын төвтэй болох зэрэг саналыг хэлж байв.

Ажлын хэсгээс төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн явуулж байгааг, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан эсэхийг, цаашид анхаарч ажиллах асуудлыг төрийн албан хаагчиддаа нэг бүрчлэн танилцуулж зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ. Мөн аймгийн орлогч дарга Зүүнбүрэн суманд ажиллах үедээ Б.Лхамгарьд эрхлэгчтэй соёлын төвийн үйл ажиллагаа сайн байсныг онцлон дурдлаа.

Олон улсад болоод Улс аймаг, сум орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа сайн дуучдын авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж яваа н.Нарангэрэл багш түүний гэр бүл Б.Лхамгарьд нарын тайлан тоглолтыг зохион байгуулж, нийгэмд таниулж эерэгээр сурталчлах ажилд аймгийн удирдлагуудын зүгээс анхаарч дэмжинэ гэдгээ хэллээ.

 

相关新闻