“Эрдэнэт үйлдвэр” дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-07 13:23:40

Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх, бусад улс орноос туршлага судлах, дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилго бүхий “Mining Mongolia-2016” олон улсын үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол, АНУ, ОХУ зэрэг 15 орны 120 аж ахуйн нэгж оролцож буй уг үзэсгэлэнд оролцож буй “Эрдэнэт үйлдвэр” компани өнөөдөр худалдан авалтын менежментээ танилцуулав. Жилд ойролцоогоор 300 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг тус компани нь үндэсний үйлдвэрүүдээ дэмжих зорилгоор аль болох дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалтаа хийх зорилт тавин ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд дотоодын 17 аж ахуйн нэгжээс худалдан авалт хийж байсан бол энэ онд 35 болон нэмэгдсэн гэдгийг тус компанийн Худалдаа хангамжийн хэлтсийн тэргүүлэх менежер Ш.Мэндбаяр илтгэлдээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Ган бөөрөнцгийн бэлдэцийг, түүхий резин, амны хаалт зэргийг дотоодын үйлдвэрүүдээс авдаг. Тус компанид тогтмол бүтээгдэхүүнээ нийлүүлдэг амны хаалтны 4 аж ахуйн нэгж байдаг. Сүүлийн жилүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүдийн боловсон хүчний чадвар болон бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжний хүчин чадал нэмэгдсэн. Дотооддоо үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн худалдан авах нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулах томоохон хөрөнгө оруулалт юм. 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” хүнд машин, механизмын дугуй, ган татлага, хөдөлгүүр зэрэг хэд хэдэн нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой. Бид аль болох дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг хичээх болно” хэмээв.

6 дахь жилдээ болж буй “Mining Mongolia-2016” үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 08-нд өндөрлөнө.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻