Баян-Өлгий аймагт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-05 14:32:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2019 оны 150 тоот тогтоолын дагуу Баян-Өлгий аймагт "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хөтлөлт"-ийн улсын үзлэгээр болж байна.

Өнгөрсөн зургадугаар сарын 10-ны өдөр эхэлсэн салбар комиссын үзлэгт аймгийн хэмжээнд нийтдээ 156 байгууллагыг хамруулж, архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, мэдээллийн технологи нэвтрүүлсэн байдал буюу архивын баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх үйл явц, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр шалгажээ.

"Улсын үзлэгт хамарсан байгууллагуудын 121 нь хөдөө сумдын, 35 нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд байгаа. Үзлэг явуулах төв комиссыг Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн ахалж ажиллаж байгаа. Мөн аймгийн Засаг даргын 2019 оны 341 дүгээр захирамжаар салбар комиссыг 15 хүний бүрэлдэхүүнээр байгуулан ажиллуулж, үзлэгээ амжилттай дуусгаад байна" хэмээн аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн дарга Б.Досжан хэллээ.

Улсын үзлэг явуулах салбар комисс өнөөдөр дүнгийн хурлаа хийж, тус аймгийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг онц үнэлгээгээр дүгнэжээ. Харин төв комиссын албан ёсны дүн энэ сарын 10-ны өдөр гарах ажээ.    

相关新闻