ТИКА-гийн буцалтгүй тусламжийг Хөдөө аж ахуйн салбарт чиглүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭТурк улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийг хөдөө аж ахуйн салбарт түлхүү чиглүүлнэ хэмээн Сангийн сайд Б. Болор мэдэгдлээ.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор, Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр нар гарын үзэг зурсан юм.
Тус хэлэлцээр нь хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гүүр болж буй бөгөөд ТИКА нь дэлхийн 50 гаруй оронд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлж буйг албаныхан тодотгов.
“Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр нь Турк улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжих төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үндсэн баримт бичиг хэмээн ТИКА-ийн Дэд ерөнхийлөгч онцлов.
Сангийн сайд Б.Болор “ТИКА нь 1994 оноос хойш Монголын дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын салбарын 400 орчим төсөл хөтөлбөрт 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Томхон ажлыг нэрлэвэл Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангайн Өгий нуур сумыг холбосон хатуу хучилттай зам юм. Цаашид ТИКА-гийн тусламжийг хөдөө аж ахуйн салбарт чиглүүлнэ. Сангийн яам буцалтгүй тусламжийг ямар салбарт зарцуулах нь зүйтэй вэ гэдэгт судалгаа хийж байна” гэлээ.
Дашрамд дурдахад хамгийн сүүлд ТИКА-гийн буцалтгүй тусламжийг цас зудтай аймгуудад үзүүлжээ.
Б.Заяа
Гэрэл зургийн Т.Чимгээ