Интернэтийн үйлчилгээний ижил тарифыг мөрдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДСар бүрийн эхэнд аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өчигдөр боллоо. Цахим хуралд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх болон хэлтсийн дарга нар Цахилгаан холбооны дарга н.Төмөрсүх, Харилцаа холбооны дарга н.Алтанхуяг, Монгол шуудан холбооны дарга Б.Чулуунбаатар нар оролцлоо.
Тус хурлаар улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх болон энэ онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг орон нутгийн удирлагуудад өгч, тэдний асуултад хариуллаа.
Монгол Улсын Засгийн газар хөдөө, орон нутгийн иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон.
Мөн орон нутагт энэ оны дөрөвдүгээр сараас том онгоцоор нисгэхээр Засгийн газраас чиглэл өгч, ажиллаж байна. Малчны зээлийн хүүг бууруулсан, мах экспортолж эхэлсэн зэрэг хөдөөд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын зангилаа нь орон нутгийн иргэдэд хүрч буй мэдээллийн түвшин адилхан байх юм. Тиймээс Ерөнхий сайд хөдөө, орон нутагт интернэт дамжуулах хурд, багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний үнийг бууруулах үүрэг даалгаврыг өгсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд цахим хурлаар хэллээ.
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байна. Орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаагаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байсан байна.
Интернэтийн үйлчилгээний хурд, багтаамж хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдсэн, энэ сарын 11-нээс нийслэл хотынхтой ижил үнэ тариф мөрдөж эхэлнэ гэж Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай хэллээ.
2016 онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 18-нд эхлүүлэхээр төлөвлөж байна. Дорнод, Завхан, Ховд, Сэлэнгэ, Орхон аймагт автозам, гүүрийн барилгын ажлын нээлтийг орон даяар шууд дамжуулахаар бэлтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ховд аймаг А.Бямбасүрэн