600 гаруй сурагч нэг ээлжээр хичээллэх шинэ сургууль нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЖилийн өмнө шавыг тавьж байсан Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийв.
Тус сургууль нь 1947 онд сууриа тавьж, нэг давхар модон барилга бүхий бага сургууль, 1952 онд хоёр давхар болон 8 жилийн сургууль, 1990 онд физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль болон өргөжин хүүхэд багачуудад боловсрол олгон 60 гаруй жил болжээ. НМХГ-аас гаргасан дүгнэлтийн дагуу тус сургуулийн барилгыг нурааж, 2015 оны 4 дүгээр сарын 20-нд шинэ барилгын шавыг тавьсан юм.
2014 онд тус сургуулийн 320 хүүхдийн барилгыг 3.4 тэрбум төгрөгөөр барихаар улсын төсөвт тусган баталсан.
Сургуулийн зураг төслийг Д.Доржханд захиралтай “НГ” ХХК, барилгын ажлыг Л.Ундармаа захиралтай “Чойр хайрхан” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэжээ.
Шинэ барилга ашиглалтад орсноор сургалтын таатай орчин бүрдэж 600 гаруй сурагч нэг ээлжээр хичээллэн хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх боломж нэмэгдэх юм.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд Хотын захирагч Н.Бат-Үүл, ургуулийн удирдлагууд, багш сурагчид, эцэг эхчүүд, албаны хүмүүс оролцов.
Дашрамд дурдахад барилгын ажлын үеэр тус сургуулийн сурагчид 31 дүгээр сургуульд хичээллэж байсан юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал