МУБИС, ХБНГУ-ын Их сургуультай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-04-12 13:53:31

МУБИС-ийн шинээр ашиглалтад ороод байгаа “Инновацийн төв”-ийн зургаан давхрын 600 тоот өрөөнд энэ сургууль болон ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуулийн хооронд хэрэгжих сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн ёслолд ХБНГУ-ын элчин сайд ноён Герхард Тийдэманн, МУБИС-ийн захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал, МУБИС-ийн НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, Рүүр-Бохумын их сургуулийн профессорууд болох төслийн удирдагч хатагтай док. проф. Катрин Питтнэр, док. проф. Ханс-Рүдигэр Флүк, док. Даниэл Хэйндэл болон Монголд үйл ажиллагаа явуулдаг Германы боловсролын байгууллагуудын удирдлагууд болон бусад их, дээд сургуулийн зочид төлөөлөгчид оролцлоо.

МУБИС нь 12 салбар сургуультай бөгөөд тус сургуульд орос, англи зэрэг гадаадын 6 хэлээр багш бэлтгэж байгаагийн нэг нь герман хэл юм. Энэхүү төслийн хүрээнд оюутан, багш нарын хооронд харилцан солилцооны зарчмаар монгол, герман хэлний сургалт, дадлага зохион байгуулна. Мөн хоёр орны түүх, соёл болон бүхий л салбарт хамтран арга, туршлага солилцож инновацийг хөгжүүлэн нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан төслийг хэрэгжүүлэх юм. МУБИС-ийн Инновацийн төвд Германы эрдмийн солилцооны алба /DAAD/ өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулна.

Д.Өлзий

相关新闻